“УИХ-ын 152 гишүүнтэй болох” ҮХНӨ-ийн төсөлд Н.Батбаяр, Ч.Өнөрбаяр нарын ажлын хэсэг “АН-ын улс төрийн шийдвэр”-ийг гаргахгүй байгаа аж

“УИХ-ын 152 гишүүнтэй болох” ҮХНӨ-ийн төсөлд Н.Батбаяр, Ч.Өнөрбаяр нарын ажлын хэсэг “АН-ын улс төрийн шийдвэр”-ийг гаргахгүй байгаа аж

Энэ хаврын улс төрд гол анхаарал татаж буй асуудал нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/. Засгийн газраас ҮХНӨ-ийг боловсруулж d.parliament.mn сайтад нээлттэй байршуулж, яамд болон олон нийтээс санал авч дууссан. Тиймээс УИХ-д одоо өргөн барихаар бэлтгэж буй. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар маргааш /2023.04.27/ эсвэл ирэх долоо хоногийн лхагва гараг/2023.05.03/-т ҮХНӨ-ийг Засгийн газраас өргөн барихаар бэлтгэж байгаа аж.

-“ҮХНӨ-ИЙГ АН ДЭМЖИХГҮЙ БОЛ ХҮЧЛЭХ ШААРДЛАГАГҮЙ” ХЭМЭЭН Л.ОЮУН-ЭРДЭНЭ МЭДЭГДЖЭЭ-

Гэхдээ өргөн барихад нэг асуудал тулгарсан нь АН-тай холбоотой аж. Тодруулбал, ҮХНӨ-ийг дэмжих эсэх талаар АН удирдах түвшиндээ “улс төрийн шийдвэр”-ээ гаргахгүй байгаа нь ҮХНӨ-ийг өргөн барих процессыг түр саатуулжээ.

Иймд өчигдөр /2023.04.26/ Засгийн газрын хурлаар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэрэв АН зэрэг намууд дэмжихгүй бол ҮХНӨ-ийг заавал явуулах гэж хүчлэх шаардлагагүй” хэмээн байр, сууриа илэрхийлжээ. Мөн МАН-ын "биет төлөөлөгч" хэмээн нэр хоч зүүх болсон ХҮН-ын дарга Т.Доржханд, “АН хариуцлагатай байгаач. Удирдлагуудынхаа түвшинд ярилцаж тохирсон шүү дээ” хэмээн бухимдсан нь “АН шийдвэрээ гарга” хэмээн шахаж буй нэг хэлбэр юм.

Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгосноор ХҮН 2024 оны УИХ-ын сонгуулиар хэдэн суудал авна хэмээн тэрээр хүлээлттэй байгаагийн нэг илрэл юм.

Харин өчигдөр /2023.04.26/ УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “Л.Гантөмөр даргатай төв намаас шийдвэр гаргаад өгвөл бүлэг биелүүлээд явна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал дээр зөрүүтэй байр суурьтай байгаа” хэмээн мэдэгдсэн билээ.

-ҮХНӨ-ИЙГ МАН ДАНГААРАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ, АН-ЫН УЛС ТӨРИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА-

Тэгвэл ҮХНӨ-ийг судлах 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ноос байгуулсан байна. Тус ажлын хэсгийг даргаар УИХ-ын гишүүн асан “Фортуна” Н.Батбаяр, ажлын хэсгийн дэд даргаар АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар н.Болдхүү нар томилогдсон аж.

Товчхондоо, АН-ын дарга Л.Гантөмөр болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ҮХНӨ-ийг дэмжих эсэх “улс төрийн шийдвэр”-ийг гаргах бус харин тус намын ҮБХ-ноос байгуулсан 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарах ажээ.

Гэтэл ҮХНӨ-ийн төсөлд орсон, “УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэх” зэрэг саналыг АН-ын ҮБХ-ны зарим гишүүд болон Б.Пүрэвдорж нарын УИХ-ын гишүүд дэмжихгүй байгаа. Иймд “ҮХНӨ-ийг дэмжих эсэх” талаар АН-ын ажлын хэсэг “улс төрийн шийдвэр”-ээ гаргахгүй байгаа аж. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд АН улс төрийн шийдвэрээ гаргахгүй байгаа тул МАН дангаараа ҮХНӨ-ийг хийж чадахгүй болов.

-УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 152-ООС ЦӨӨН БАЙЛГАХ ШААРДЛАГА ТАВИАД УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАЖ МАГАДГҮЙ-

Харин УИХ-ын гишүүдийн тоог 152-оос цөөн байлга гэсэн шаардлага тавиад АН-ын ажлын хэсэг ҮХНӨ-ийн талаар “улс төрийн шийдвэр”-ээ гаргаж магадгүй юм. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед, “бэхэн тэмдэглэгээ, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хянах, санал авах байрны камерын систем, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргыг сөрөг хүчнээс томилох, Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэнцвэртэй ажиллуулах” зэрэг зохицуулалтыг хуульд тусгах саналыг оруулж байгаа аж.

Сонирхуулахад, ҮХНӨ-ийн төслийг УИХ хүлээн авч хэлэлцэж эхэлсэн нөхцөлд заавал 45 хоногийн турш тасралтгүй хэлэлцэх хуультай. Мөн УИХ-ын ээлжит сонгууль болохоос нэг жилийн өмнө ҮХНӨ-ийг одоогийн парламент ярих эрхтэй бөгөөд сонгуулийн хууль, намын хуулиас эхлээд маш олон томоохон хуулиуд энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй юм. Тиймээс ирэх долоо хоногтоо багтааж ҮХНӨ-ийн төслийг УИХ-д өргөн барих нэн шаардлагатай байгаа юм.

УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэх нь зөв үү?

Нийт: 40 саналтай




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө