АН дотор Увсынхан "Анчин",  70-80 оны залуус нь "Од", "Морьтон" гэсэн фракцууд байгуулж Х.Баттулга, С.Эрдэнэ нарын адил дэд даргад хүнээ томилох тохироо хийжээ

АН дотор Увсынхан "Анчин", 70-80 оны залуус нь "Од", "Морьтон" гэсэн фракцууд байгуулж Х.Баттулга, С.Эрдэнэ нарын адил дэд даргад хүнээ томилох тохироо хийжээ

С.Эрдэнэ, Х.Баттулга нар өөрсдөд нь хадгалагдаж байсан АН-ын гэрчилгээ, тамгыг нь Л.Гантөмөрт саяхан хүлээлгэн өгснөөр тус нам хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдсэн байна. Улмаар төв АН нь 118 хүний бүрэлдэхүүнтэй байх бүтэц боловсруулж аймаг, дүүргийн намын дарга болон Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдээ сонгохдоо өмнө нь мөрдөгдөж байсан “намын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгодог” болгохоор дүрмээ өөрчилж байгаа аж.

Учир нь АН-ын даргыг цаашдаа нийт гишүүдийнхээ дунд сонгууль явуулж тодруулаад байвал “нэг хүний дарангуйлал”-д орох юм байна гэдгийг С.Эрдэнийн үйл хэргээс ойлгосон АН-ын гишүүд фракцын зохион байгуулалтад орж одоогоор шинэ, хуучин нийлсэн есөн фракц үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа аж. 

-С.ЭРДЭНИЙН ШОНХОР ФРАКЦААС САЛСАН З.ЭНХБОЛДЫН ХҮМҮҮС “ХАНГАРЬД”, УВСЫН ГИШҮҮД НЬ “АНЧИН”, 1970-80 ОНЫ ЗАЛУУС НЬ “ОД”, “МОРЬТОН” ЗЭРЭГ ФРАКЦ БАЙГУУЛЖЭЭ-

Иймд есөн фракцынхаа эрх ашгийг хангахын тулд Л.Гантөмөр АН есөн дэд дарга, есөн нарийн бичгийн даргатай байх бүтцийг боловсруулаад байгаа аж. Тодруулбал, Х.Баттулга, С.Эрдэнэ нар АН-ын тамга, гэрчилгээг Л.Гантөмөрт өгөхдөө “өөрсдийн хүмүүсээ АН-ын удирдлагын багт оруулна” гэж тохирчээ. Иймд С.Эрдэнийн “Шонхор” фракц болон Х.Баттулгын “МоАХ” фракцаас АН-ын дэд дарга, нарийн бичгийн даргад тус бүр нэг хүн томилох аж. Харин АН болон УИХ дахь АН-ын бүлгийг С.Эрдэнэтэй нийлж хоёр хувааж явсан Д.Ганбат гишүүн “Хийморь” хэмээх фракц байгуулсан бол тус намын 1970 оны залуус нийлж “Од” фракц, 1980 оны залуус нь нийлж “Морьтон” фракц, тус намын Увс аймгийн гаралтайгишүүд нь нийлж “Анчин” хэмээх фракц байгуулжээ.

Мөн С.Эрдэнийн “Шонхор” фракцаас салсан З.Энхболдын хүмүүс нийлж, шонхор шувуунаас том шувууг бэлгэдэжХангарьд” гэх нэртэй фракцыг байгуулжээ.

АН дотор байгуулагдсан Увс аймгийн гаралтай иргэд “Анчин” фракц

Улмаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нар З.Нарантуяатай нийлж “Соёмбо” фракцыг байгуулсан байна. Улмаар хуучин намын хуучин лидерүүдээс бүрддэг МҮДН, МоАН, Алтангадас фракцууд нь ч үйл ажиллагаагаа сэргээж, фракцын менежерүүдээс сольж байгаа аж. Товчхондоо, Л.Гантөмөр “Шонхор”, “МоАХ”, “Хийморь”, “Од”, “Морьтон”, “Анчин”, “Хангарьд”, “МҮДН”, “МоАН” гэсэн есөн фракцдаа тус бүр нэг дэд дарга, нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалыг өгч байгаа бололтой. Харин УИХ-ын Б.Пүрэвдорж нарийн Соёмбо фракцаас АН-ын ҮБХ-ны даргаар Ж.Батсуурийг томилсон тул тэдэнд дэд дарга, нарийн бичгийн даргын албан тушаал оногдохгүй аж.

-Х.БАТТУЛГЫН МоАХ ФРАКЦААС П.НҮРЗЭД, П.ГАЛИНДЭВ НАРЫГ, С.ЭРДЭНИЙН ШОНХОР ФРАКЦААС Ц.УРТНАСАН, И.НАРАНТУЯА НАРЫГ АН-ЫН ДЭД ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ-

Тэгвэл АН-ын дэд дарга, нарийн бичгийн даргад есөн фракц нь хүмүүсээ эхнээсээ тодруулаад эхэлжээ. Тодруулбал, С.Эрдэнэ тамгыг нь өгч Л.Гантөмөртэй тохирсон ёсоороо “Шонхор” фракцаасаа АН-ын дэд даргад Капитал банкны хэргээр хамт шалгагдаж буй Ц.Уртнасангаа, нарийн бичгийн дарга И.Нарантуяа нарыг эхний байдлаар санал болгоод байгаа аж.

Х.Баттулгын “МоАХ” өнгөрсөн баасан гараг /2023.04.05/-т хуралдаж фракцаасаа АН-ын дэд даргад П.Нүрзэд, нарийн бичигт П.Галиндэвийг нэр дэвшүүлсэн байна. П.Галиндэв нь 2020 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт С.Эрдэнийн эсрэг бие даан нэр дэвшиж, АН-ынхаа эсрэг ажилласан гэх асуудалд ч нэр холбогдож байсан нэгэн.

УИХ-ын гишүүн Д.Ганбатын "Хийморь" фракц

Д.Ганбатын “Хийморь” фракцаас АН-ын дэд дарга Д.Ганбат өөрөө нэр дэвшинэ гэж яригдаж байгаа бол, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг дэвшүүлж магадгүй байгаа аж. АН доторх 1970 оны залуусын “Од” фракцаас нь АН-ын дэд даргад судлаач Ж.Баярмаа, нарийн бичгийн даргад Ж.Наранцацрал агсны хүү Н.Соёмбо, харин АН-ын 1980 оны залуусын “Морьтон” фракц дотор АН-ын дэд даргад агентлагийн дарга асан Ц.Жадамбаа, нарийн бичгийн даргаар SBN телевизийн захирал асан н.Ундраа гэх эмэгтэйн нэр яригдаж байгаа аж.

Харин АН-ын ахмадуудын МҮДН фракцаас АН-ын дэд даргад Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, нарийн бичгийн даргад “Фортуна” Н.Батбаярын охин Б.Жаргалан нарын нэр яригдаж байгаа аж.

С.Эрдэнийн “Шонхор” фракцаас салж “Хангарьд” хэмээн том шувууны нэрээр фракц байгуулсан З.Энхболд талаас АН-ын дэд дарга И.Мөнхжаргал яригдаж байгаа аж. Харин Нийслэлийн АН-ын хорооны даргын төлөөх сонгууль нэлээдгүй өрсөлдөөнтэй болох төлөвтэй байгаа аж. Одоогоор Нийслэлийн АН-ын дарга Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат, НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү, Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Д.Бадарсан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Т.Батцогт нарын таван хүн өрсөлдөж магадгүй байгаа ажээ.