Н.Учрал: Хотын үе, үеийн дарга нарын олгосон газрын мэдээллийг ил болгож буйг улс төрийн өнцгөөс харж болохгүй /ВИДЕО/

Н.Учрал: Хотын үе, үеийн дарга нарын олгосон газрын мэдээллийг ил болгож буйг улс төрийн өнцгөөс харж болохгүй /ВИДЕО/

Нийслэлийн Засаг дарга нарын газар олголтын мэдээлэл Shilen.gov.mn сайтад нээлттэй байршлаа. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. 

Тэрбээр энэ үеэр "Засгийн газрын “5Ш” ажиллагааны “Шилэн” ажиллагааны хүрээнд хэдэн онд, хэн, хэнд, хэр хэмжээний газар, ямар зориулалтаар олгосон тухай 36,985 мэдээллийг шилэн болгож байна. Бид дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд дээд зэргийн зохион байгуулалтгүй, шахалдаж амьдарч байна. Улсынхаа газар нутгийн 0.3 хувьд хүн амынх нь 50 хувь оршин суудаг ийм хот дэлхийд бараг үлдсэнгүй. Тиймээс нийгмийн захиалгаар хотын газар олголтын мэдээллийг ил болгож байна. Улаанбаатар хотын түүх бол ус, агаар, хөрсний бохирдол, цементэн ширэнгэ, түгжрэлийн түүх. Харин нөгөө талаас Монголын үе, үеийн барилгачид, инженер, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн хөлс, хөдөлмөрөөр боссон барилга, бүтээн байгуулалтын түүх. Улаанбаатар хотын 1.5 сая иргэн та бид илүү ухаалаг, илүү ногоон байгууламжтай, тоглоомын талбайтай, илүү аюулгүй хотод амьдрахыг л хүсдэг. Тиймээс газар олголтын мэдээллийг ил болгож буйг улс төрийн өнцгөөс харж болохгүй юм. 

2000 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэлх газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг олгосон мэдээлийг shilen.gov.mn сайтад ил болголоо. Үүний хүрээнд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгосон 14 мянга 954, эрхийн гэрчилгээний талбай зориулалт өөрчилсөн 6329, эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8525, эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7150 нийт 36985 мэдээллийг ил болгож байна. Та бүхэн регистрээр нь хайвал бүх мэдээллийг нэг дороос харах боломжтой. Нийслэлийн аль дарга ямар компани аж, ахуй нэгжид газар олгосон, түүнийг ямар компани худалдаж аваад өөр ямар дарга зориулалтыг нь өөрчилсөн тухай мэдээлэл ч энд тодорхой байгаа. 2022 оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх мэдээллийг зургаадугаар сарын 01-ны өдрөөс өмнө нэмж шийдвэрлэнэ. Одоо нийслэл, дүүрэг, аймгийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга нарын олгосон газрын мэдээлэл ил болж байна" гэлээ. 

ҮЗЭХ: