Б.Жавхлан: Хөгжлийн банк нь өнөөдрийн байдлаараа удаан ажиллах боломжгүй

Б.Жавхлан: Хөгжлийн банк нь өнөөдрийн байдлаараа удаан ажиллах боломжгүй

Засгийн газрын өнөөдрийн /2023.05.17/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Тухайлбал, өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тайланг авч хэлэлцжээ. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр "Хөгжлийн банк сүүлийн нэг жилд үндсэн үүрэг бүхий хөгжлийн төслийг санхүүжүүлэх ажлаа хийж чадаагүй. Харин чанаргүй зээл барагдуулах, шүүхдэх ажлыг л хийлээ. Хэдийгээр 2022 онд ашигтай ажилласан ч банкны үндсэн үүрэг болох цэвэр хүүгийн зөрүүгээр ашигтай ажиллаагүй. Алдагдсан зардлаа л төлүүллээ.  Хөгжлийн банк нь цаашид төслөө санхүүжүүлж, зээл олгохгүй бол өнөөдрийн байдлаараа удаан үргэлжлэх боломжгүй. Тиймээс энэ жилдээ Хөгжлийн банкийг хэвийн ажиллуулж, үлдсэн хүндрэлтэй асуудлаа шийдэх бөгөөд оны эцэст тэнцлийг нь дахин сайжруулж, аудит хийлгэнэ. Цаашид хөгжлийн институд болгохоор ажиллана" гэлээ.

Харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудалтай холбогдуулан төсөвт тодотгол хийх асуудлаар тэрбээр "Тухайн жилийн орлого дутагдаж, зарлага нэмэгдвэл төсвийн тодотгол хийх хуультай. Тэгэхээр тодотгол хийх хэмжээнд төсвийн нөхцөл байдал хүндрээгүй. Гэхдээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор зохицуулах зүйл бий. Учир нь өнгөрсөн хугацаанд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмж чадаагүй. Тиймээс бид тооцооллыг хийж байна. Ер нь цалингийн зөрүүг арилгах шаардлага бий" гэлээ. 

ҮЗЭХ: