ВИДЕО: "Дунд гол" руу хөрсний усаа цутгаж буй Хан-Уул дүүргийн барилгуудын чанарт анхаарахгүй бол гамшгийн аюул ойрхон байна

ВИДЕО: "Дунд гол" руу хөрсний усаа цутгаж буй Хан-Уул дүүргийн барилгуудын чанарт анхаарахгүй бол гамшгийн аюул ойрхон байна

Бүгд найрамдах Турк улс, Сири улсын олон муж, хотыг хамарсан хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон арван барилга байшин нурж, улмаар 30 гаруй мянган хүн амь насаа алдаж, олон мянган хүн бэртэж гэмтсэн харамсалтай үйл явдал болсон билээ. Тэгвэл манай улс газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлд бэлэн үү гэх асуулт хариултаа нэхэж байна.

Учир нь сүүлийн жилүүдэд Монгол орны нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж, Улаанбаатар хот орчимд 2022 онд 1047 удаа, 2023 оны эхний гурван сарын байдлаар 331 удаагийн давтамжтай газар хөдөлжээ. Энэ нь томоохон гамшгийн эрсдэл үүсэж болзошгүй байгаагийн илрэл юм. Гэтэл Улаанбаатар хотын 944 барилгаас гэхэд 543 барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн үр дүн гарчээ. Товчхондоо, Улаанбаатарын барилга байгууламжийн чанар хангалтгүй байна гэсэн үг. 

ВИДЕО: 

-ДУНД ГОЛ РУУ ЗАЙСАН ОРЧМЫН БАРИЛГУУДЫН ХӨРСНИЙ УСЫГ ЗУТГАДАГ-

Барилга байгууламжийн чанарт нөлөөлж буй нэг хүчин зүйл нь барилгын доороос ундарч буй хөрсний ус. Жил бүр барилгын хөрсний усны асуудал хөндөгдөж, энэ нь нэг хэсэг сэдэв болж, олны анхаарлыг татдаг ч асуудал тэгсхийгээд намждаг. Нөгөөтээгүүр, иргэд орон сууцныхаа үнийг унагахаас болгоомжилж, амьдарч байгаа барилгынх нь доороос хөрсний ус ундардаг талаарх мэдээллийг нууцалдаг байдал нь энэ асуудлыг нуугдмал хэвээр байлгаж өнөөг хүргэжээ. 

Тэгвэл бид Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дунд голын урд талд баригдсан барилгууд нь хөрсний усаа Дунд гол руу шууд нийлүүлдэг талаарх мэдээллийг энэ удаад хүргэж байна.

Олны нэрлэдгээр "Авлигын хороолол"-ын баруун тал Дунд голын гүүрний зүүн талд томоохон хэмжээний ус зайлуулах хоолой байх аж. Тус шугам хоолойноос тасралтгүй урсах ус нь Дунд голын урд баригдсан барилгуудын доороос гарч буй хөрсний ус бөгөөд Дунд гол руу ийнхүү шууд зутгадаг байна.  Иргэдийн өгч буй мэдээллээр "Дунд голын урд баригдсан барилгууд нь голын ай сав газар орчимд баригдсан учир барилгын доороос байнга хөрсний ус нэвчиж гардаг. Тиймээс барилгын компаниуд нь доод давхартаа тусгай төхөөрөмж байрлуулж, өвөл, зунгүй хөрсний усаа Дунд гол шууд урсгадаг" гэлээ.  

Нийслэл хотын хөрсний усны бохирдол маш өндөр түвшинд хүрсэн бөгөөд энэ нь гүний усанд нөлөөлөхөд тун ойртсон гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж анхааруулсаар байгаа. Гэтэл барилгын доороос гарч буй хөрсний усыг ийнхүү Дунд гол руу хараа хяналтгүй, шууд урсгаж байгаа асуудлыг холбогдох албаныхан анхаарал авахыг иргэд хүсэж, шаардаж байна. Нөгөөтээгүүр жилийн дөрвөн улиралд тасралтгүй хөрсний ус гарч буй барилгын чанарт анхаарахгүй бол Турк, Сирид болсон шиг харамсалтай үйл явдал болохгүй гэх баталгаа алга байна.