Б.Энх-Амгалан: ОХУ-ын таван авиа компани Москва руу шууд нислэгтэй болох асуудал айлчлалын хүрээнд яригдлаа

Б.Энх-Амгалан: ОХУ-ын таван авиа компани Москва руу шууд нислэгтэй болох асуудал айлчлалын хүрээнд яригдлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 19-22-ны өдөр ОХУ-д айлчиллаа. Айлчлалын багт багтсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас айлчлалын үр дүнгийн талаар тодрууллаа. 

ВИДЕО:

Тэрбээр "УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн айлчлал амжилттай сайхан боллоо. Айлчлалын үеэр УИХ-ын дарга ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин нартай хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийн хүрээнд хоёр талын парламентын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа парламентын байнгын ажиллагаатай механизм бий болгох, парламент хоорондын комисс байгуулахаар боллоо. Комиссын хурлаа ирэх наймдугаар сарын эхээр хийж, наймдугаар сарын сүүлийн долоо хоногт болох Засгийн газар хоорондын комиссын хуралдаан дээр зарим асуудлыг дэвшүүлэн тавих зэрэг шийдвэрүүдийг гаргалаа. 

ОХУ-ын Холбооны хурлаас "ОХУ-д сурч байгаа оюутнууд зөвхөн тэтгэлэг авдаг биш давхар ажил хийж, сурч болдог бололцоо боломжоор хангагдаж байгаа" гэдэг сайхан мэдээг дуулгасан. ОХУ-ын Зам тээврийн яам Монгол Улсын Зам тээврийн яамтай хамтран ажиллаж 1949 оны хэлэлцээрээ шинэчиллээ. Мөн өмнө нь нэлээд асуудалтай байсан монп-1, монп-2-ын хэлэлцээрийг эцсийн шатандаа дуусгасан бол Сангийн яамтай хэд хэдэн тохироог хийж чадлаа. Бас нэгэн чухал зүйл нь ОХУ Москва руу нисэх онгоцны тоог нэмэгдүүлэх, тэр дундаа ОХУ-ын таван авиа компани Москва руу шууд нислэгтэй болох зэрэг чухал асуудлууд хөндөгдлөө. Түүнчлэн Монгол Улсад нийлүүлж буй нефть бүтээгдэхүүнийг тасалдуулахгүй байх, цаашлаад үнийг буулгахад нэлээд ахиц дэвшил гарсан яриа хэлэлцээрүүдийг хийсэн. Ерөнхийдөө энэ бүх уулзалт найрсаг нөхөрсөг болж өндөрлөлөө" гэв. 

Мөн тэрбээр "Монгол Улс хоёр мөнхийн хөрштэй. Бид ОХУ-тай сайн хөршийн стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай. Тиймээс ч ОХУ-тай энэ цаг үед ийнхүү хамтран ажиллаж байгаа нь маш чухал юм. Оросын зах зээл маш том. Манай улсын бараа бүтээгдэхүүн тарифын болон тарифын бус хөнгөлөлтөөс болоод тус улс руу төдийлөн сайн гардаггүй байсан. Тэгвэл энэ удаагийн хэлэлцээрээр бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ механизм, шинэ хөшүүргийн бий болгож, эдийн засгийн худалдааны чөлөөт бүсүүдийг байгуулан үүгээрээ дамжуулж бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын зах зээлд экспортлох асуудлыг ярилаа. Энэ нь парламент хамтын ажиллагааны комиссоороо дамжуулж ажиллая гэж тохирсон нь сайн үйл явдал боллоо гэж дүгнэхээр байна" гэв.