АНУ Монгол руу шууд нислэг үйлдэх саналыг 2002 онд тавьсан ч тухайн үеийн МИАТ-ийн удирдлагууд эсэргүүцэж, уг ажлыг гацааж байжээ

АНУ Монгол руу шууд нислэг үйлдэх саналыг 2002 онд тавьсан ч тухайн үеийн МИАТ-ийн удирдлагууд эсэргүүцэж, уг ажлыг гацааж байжээ

"Монгол Улс АНУ руу шууд нислэг үйлддэг болох асуудал удахгүй эцэслэн шийдэгдэнэ" гэдгийг Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт мэдэгдээд байгаа.

Тодруулбал, “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг энэ оны хоёрдугаар сар /2023.02/-д талууд баталсан байдаг. Улмаар уг асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийх айлчлалаар эцэслэн батлагдахаар тохиролцоонд хүрсэн талаар албаны эх сурвалж мэдээлж буй. Тэгвэл Монгол, Америкийн хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулах ажил буюу Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх саналыг 2002 онд анх АНУ-ын тал манай улсад тавьж байжээ. Гэвч тухайн үеийн МИАТ-ийн удирдлагууд уг саналыг эрс эсэргүүцэж, уг ажлыг гацааж байсан байна.

Тодотговол, МИАТ-ийн удирдлагууд "Монгол Улс АНУ-руу шууд нислэг үйлддэг болбол МИАТ дампуурна" хэмээн АНУ-ын саналаас татгалзаж, уг ажлыг гацааж байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

2002-2004 онд МИАТ-ийн удирдлагаар Г.Нямдаваа, Ж.Баярсайхан, н.Сандаг, Б.Донохью, Б.Цогоо гэх хүмүүс ажиллаж байжээ. 

-2002 ОНД АНУ-ЫН САНАЛААС ТАТГАЛЗСАН МОНГОЛЧУУД 2012 ОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ САНАЛЫГ ӨӨРСДӨӨ ТАВЬЖЭЭ-

АНУ-д манай улсын 40-өөд мянган иргэн ажиллаж амьдардаг бөгөөд жилд тус улс руу 57 мянган хүн зорчдог байна. Тиймээс ч 2012 онд Монголын талаас АНУ-д шууд нислэг үйлдэх саналыг тус улсын талд тавьсан байна. Гэсэн ч тэд уг саналыг шууд хүлээж аваагүй аж. Энэ нь АНУ-ын 2002 онд тавьсан саналаас манай улс татгалзаж байсантай холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. Харин өнгөрсөн жилээс шууд нислэгтэй болох шат дараатай ажил урагшилж, хоёр улсын хооронд "OPEN SKY" хэлэлцээрийг үзэглэсэн байна. Хэрэв Монголоос АНУ руу шууд нислэг үйлддэг болбол нислэгийн цаг одоо байгаагаас хоёр дахин багасаж, энэ хэрээрээ тийзийн үнэ ч буурах боломжтой юм. Ямартай ч удтал яригдсан АНУ-руу шууд нислэг үйлддэг болох асуудал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д удахгүй хийх албан ёсны айлчлалаар эцэслэн шийдэгдэх аж.