БНХАУ-ын дарга Ши Жиньпин, "Хятад бол Монгол Улсын итгэж болохуйц түнш мөн" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа мэдэгджээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, "Хятад бол Монгол Улсын итгэж болохуйц түнш мөн" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа мэдэгджээ

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.06.27/ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзалт хийлээ. Тус уулзалтын хүрээнд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцсон байна.

Хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон хоёр талын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох талаар мөн ярилцжээ.

Тус уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, “Хятад болон Монгол улс найрсаг харилцаагаа улам өргөжүүлэх нь хоёр улсын стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд Хятад бол Монгол Улсын итгэж болохуйц түнш мөн. Басхүү Хятад, Монголын хамтын нийгэмлэгийг байгуулж, хоёр улсын цогц стратегийн түншлэлийг өндөр түвшинд гаргахад анхаарч, хамтран ажиллана" гэжээ.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох манай талын бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан бөгөөд энэ удаагийн айлчлалаар БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хилийн боомтуудын холболт, хамтын ажиллагаа, гэрээ хэлцлүүдийг хоёр улсын Засгийн газрын түвшинд эцэслэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх “Тэрбум мод” төслийг хамтран хэрэгжүүлэх, авлигын гэмт хэргийн эсрэг хоёр улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологи, хот төлөвлөлтийн чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нар оролцсон гэж ЗГХМОНХХ-ээс мэдээллээ.