Дэг зөрчиж санал хураалгасан тул Боловсролын ерөнхий хуулийг байнгын хороонд нь буцаалаа

Дэг зөрчиж санал хураалгасан тул Боловсролын ерөнхий хуулийг байнгын хороонд нь буцаалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.28/ нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, нийт есөн саналын томъёоллоор санал хураалгалаа. 

Байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураасан ч зарим саналаар багцлан санал хураасан нь дэг зөрчжээ. Тодруулбал, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан саналын томъёоллоор санал хураалгах шатанд зарим саналыг багцлан санал хураалгасан нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар санууллаа. Тэрбээр мөн УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хариуцлагагүй ажилласан байна гэж мэдэгдлээ. Иймээс тус байнгын хороог Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй холбоотойгоор гарсан саналуудыг нэг бүрчлэн санал хураалгаж, дахин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэхийг чиглэл болгов. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Эрх чөлөөт иргэдийн баталгаа чинь англи хэлтэй холбоотой болчихлоо. Боловсролы ялгаа нийгмийн анги давхрага үүсэх шалтгаан болж байна. Кастын систем рүү түлхэн оруулах гэж байна. Багш боловсрон хүчний шийдвэрлэх асуудал байгаа байх. Олонхын бүлгийнхэн кнопдоо хүрэхгүй байж, англи хэлийг дэмжиж өгөөч. Энэ орж ирсэн заалтыг унагааж өгөөч гэж хүсэж байна" гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Т.Аубакир "Казак хүүхдүүд төрөөд цагаан толгойгоо дөнгөж цээжилж байтал албан ёсны монгол хэл орж ирнэ. Ингээд байж байтал англи хэл орж ирэх нь" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ бол улстөржүүлээд хурцатгаад байх асуудал биш. Шинжлэх ухааны асуудал. Үүн дээр дэгийн зөрчлүүд гарч байна. Монгол хэлээ л дэмжье, үзье гэдэг үндэсний бодлого байдаг болохоос биш технологийн үед ямар хэл сурах нь сонголтын асуудал. Тиймээс хоёр дахь гадаад хэлийг хуульчлаад тулгаан шаардах юм бол Монгол Улсад явуулж байгаа Герман, Франц, Хятад, Орос, Япон, Солонгос сургуулиуд бүгд хаагдахад хүрнэ. Үүнийг л олон улс гээд байгаа юм" гэсэн юм. 

ҮЗЭХ: