ВИДЕО: "В.Путины зураг руу улаан будаг цацсан Э.Одбаяр нарт улс нь арга хэмжээ авсангүй" хэмээн Оросууд дургүйцжээ

ВИДЕО: "В.Путины зураг руу улаан будаг цацсан Э.Одбаяр нарт улс нь арга хэмжээ авсангүй" хэмээн Оросууд дургүйцжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон элчин сайд асан И.К.Азизов нарын зураг руу "улаан будаг" цацаж, дайныг эсэргүүцсэн "No war" хөдөлгөөний Э.Одбаяр, Б.Билгүүн, Ц.Чинбат нарын залууст хариуцлага тооцож, арга хэмжээ авсангүй хэмээн Оросууд дургүйцэж, нэр бүхий улстөрчдөд шахалт үзүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, ОХУ-ын Украинд хийж байгаа түрэмгийлэл, дайны үйл ажиллагааг эсэргүүцсэн "No war" хөдөлгөөний залуус манай улсад суугаа Оросын элчин сайдын яамны гадна долоо хоног бүрийн Бямба гарагт "дайныг эсэргүүцсэн" цуглааныг зохион байгуулаад жил гаруйн хугацаа өнгөрөгч байгаа бөгөөд энэ сарын 25 /2023.06.25/-ны өдөр дайныг эсэргүүцсэн 65 дахь цуглаанаа хийжээ. 

Тэгвэл тэд өнгөрсөн оны тавдугаар сар 14 /2022.05.14/ болоод энэ сарын 10 /2023.06.10/-ны өдөр зохион байгуулсан цуглаанынхаа үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон элчин сайд асан И.К.Азизов нарын хөрөг зураг руу "улаан будаг" цацаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг. "No war" хөдөлгөөний залуус энэхүү үйлдлээрээ Орос-Хятадыг холбосон хийн хоолой Монголын нутгаар дайруулахыг эсэргүүцсэн бол нөгөө нь Украины Каховка хотын усан цахилгаан станцын далан сүйдсэн үйл явдалд ийнхүү үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. 

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зураг руу улаан будаг цацсан "No war" хөдөлгөөний залуусын  үйлдэлд Оросууд ихээр эмзэглэж, манай зарим улстөрчдөд хандсан байна.

Тодотговол, ОХУ-ын нэр нөлөө бүхий албан тушаалтнууд "Монголд хэн ч дайныг эсэргүүцэж болно. Харин ОХУ-ын удирдагч В.Путин болоод оросын ард түмнийг доромжлохыг бид тэвчиж чадахгүй. Учир нь Монгол Улсын зарим иргэд В.Путины зураг руу улаан будаг цацсан нь Оросуудыг доромжилж байгаа үйлдэл. Ийм байхад танай улс тэдгээр иргэд /No war хөдөлгөөн/-дээ арга хэмжээ авсангүй" хэмээн дургүйцэж, энэ талаараа манай улсын зарим улстөрчдөд мэдээлэл, шаардлага хүргүүлж, шахалт үзүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.   

Харин "No war" хөдөлгөөний залуус өмнө нь "Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлсний төлөө улстөрийн хэргээр ял, зэм сонсож байна" гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан юм.