БАРИМТ: 2022 оны наадмаар “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн засварын ажилд НИЙСЛЭЛ 4.5 тэрбумыг зарцуулсан бол 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваа 180 саяыг л гаргажээ

БАРИМТ: 2022 оны наадмаар “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн засварын ажилд НИЙСЛЭЛ 4.5 тэрбумыг зарцуулсан бол 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваа 180 саяыг л гаргажээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Д.Сумъяабазар "Төв цэнгэлдэх хүрээлэн" компанид шалгалт оруулахаа мэдэгдсэн.

Тэрбээр “Төв цэнгэлдэх хүрээлэнг газартай, юутай ийтэйг нь 49/51 хувиар менежментийн хувьчлалаар худалдаж авсан. Эргэн тойрон байгаа бүх газрыг зарсан. Тэр газрыг зарсан дүнгээс 49 хувь нь нийслэлд огт орж ирээгүй. Хувийн компаниудад хэдэн тэрбумаар газар зарсан бэ. Үүний 49 хувийг нэхэмжил. Бид засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй, ийм байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй. Ийм луйвар байж болохгүй шүү дээ. Нийслэлийн өмч эзэнгүй мэт байж болохгүй” гэж хэлсэн.

-Т.НЯМДАВАА НАРЫН ЗАРСАН ГАЗРЫН ХӨРӨНГИЙГ НЭХЭМЖИЛЖ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ШҮҮХДЭЭГҮЙ ЮУ -

Тэгвэл уг шалгалтын үйл ажиллагаа юу болсон талаар албанынхнаас тодруулахад, тодорхой мэдээлэл олдсонгүй. Цаашлаад "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваа нарын зарсан газрын мөнгөний 49 хувийг нэхэмжилж, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас /НЗДТГ/ шүүхэд хандаагүй байх магадлал нь өндөр байна. Учир нь энэ талаар мэдэх хүн НЗДТГ-т лав алга.

Харин Д.Сумъяабазар даргын хэлсэнчлэн Төв цэнгэлдэхийн засвар, арчлалтын ажлыг нийслэл дангаараа явуулдаг, 51 хувийг эзэмшигч компани нь завсар үйлчилгээний ажилд оролцдоггүй атлаа элдэв тоглолт зохион байгуулж түрээсээр олсон хөрөнгөөсөө хуваадаггүй зэрэг нь ортой аж.

Ганц жишээ дурдахад, ковидын буюу 2020, 2021 онд манай улс цахимаар наадсан. Харин наадам зохион байгуулсан 2022 онд л гэхэд Төв цэнгэлдэхийн завсарт нийслэл 4.5 тэрбумыг зарсан бол “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас 180 сая төгрөгийг зарцуулсан байна.

Энэ талаар тус компанийн захирал Т.Нямдаваа “Цэнгэлдэх хүрээлэн тойрсон бетонд 50 сая төгрөг. Нийтийн бие засах газар шинээр байгуулахад 20 сая төгрөг. Үлдсэн нь урсгал зардал буюу наадмын үеэр зориулагдах төсөвт зарцуулагдана” гэж хэлж байжээ.

Харин нийслэл 4.5 тэрбумыг зарцуулж доорх ажлыг хийжээ.  

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН 49 ХУВИЙГ 20 ТЭРБУМААР ХУВЬЧИЛЖ, ШИНЭ ЦЭНГЭЛДЭХИЙГ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БАРИНА ГЭЖ БАЙСАН Ч МӨН ЦААСАН ДЭЭР Л ҮЛДЖЭЭ-

Энэ бол ганц өнгөрсөн жилийн жишээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар нийслэл наадмаа хийхийн тулд аргагүй эрхэнд Төв цэнгэлдэхийг засварладаг байна. Харин 51 хувийг эзэмшигч компани нь энэ ажилд оролцдоггүй аж.  Түүнээс гадна Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 31 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор аравхан га болтлоо багассан талаар хэвлэлүүд баримттайгаар бичдэг. “Төв цэнгэлдэх хүрээлэн” компани нийт 12.7 га газар эзэмшдэг.

Хэдий Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг хувьчилсан ч газрыг нь зөвхөн спортын зориулалтаар түрээсэлж, ашиглах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд хашаа хатгаж, барилга байгууламж барихаас гадна машин ачилтын үйлчилгээний явуулж байсныг албаныхан зогсоож байсан удаатай. Нийслэлээс 2020 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргаж, 20 гаруй тэрбумаар үнэлэх асуудлыг ярьсан. Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн ашиггүй, зарлага ихтэй. Одоогийн цэнгэлдэхийн багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлэх шинэ хүрээлэнг Хан-Уул дүүрэг барина гэж ам гарцгааж байв. Одоо энэ бүхэн нь цаасан дээр хэвээрээ. Бас шүүхэд өгөөд хөрөнгөө нэхэмжилнэ гэсэн нь мөн ажил хэрэг болоогүй байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө