С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг гаргажээ

С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг гаргажээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа АЭХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөх албан хүсэлтийг хүргүүлсэн талаараа өнөөдөр олон нийтэд мэдэгдлээ.

Тэрээр хүсэлтдээ "УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд даргын хувьд миний бие үүрэг хариуцлагаа ухамсарлан “Сонгуулийн тухай” хуулийг шинэчлэн батлуулах ажилд идэвх чармайлттай оролцож, АН-аас УИХ-д сонгогдож байсан улс төрчид, АН-ын ҮБХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулан ажиллаж ирлээ.

Үүний үр дүнд саяхан УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан “Сонгуулийн тухай” хуульд сонгуулийн зардлыг багасгах, эмэгтэйчүүдийн нэр дэвших, сонгогдох боломжийг дээшлүүлэх, шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн олон чухал заалтуудыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн хамтын хүчин чармайлтаар шийдүүлж чадсандаа баяртай байна.

Ардчилсан намын дарга шинээр сонгогдож, шинэ багаа бүрдүүлэн ажиллаж байгаа энэ үед 2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоог шинэ залуу улс төрчид манлайлан удирдаж, үйл ажиллагаагаа орчин цагийн аяст нийцүүлэн авч явах нь цаг үеийн шаардлага гэж үзэж залгамж залуу үеэ дэмжих зорилгоор миний бие АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн албан хүсэлтийг АЭХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн юм” гэжээ.