Ц.Сандаг-Очир: Аймаг, сумдын наадмуудыг улс орон даяар нэг өдөр тэмдэглэх тухай хууль батлагдсан ч хэрэгжсэнгүй /ВИДЕО/

Ц.Сандаг-Очир: Аймаг, сумдын наадмуудыг улс орон даяар нэг өдөр тэмдэглэх тухай хууль батлагдсан ч хэрэгжсэнгүй /ВИДЕО/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Баяр наадмын тухай хуульд жил бүр наадам болохоос өмнө нэг нэмэлт өөрчлөлт орж ирэх юм. Ноднин нэмэлт өөрчлөлт ороод энэ жилээс мөрдөгдөж эхэлж байгаа. Ноднин хийсэн нэмэлт өөрчлөлтөөр Улсын баяр наадам, аймаг, сумын наадмуудыг улс орон даяар долдугаар сарын 10,11 өдрүүдэд нэг зэрэг тэмдэглэх хууль батлагдсан. Энэ хуулийн хэрэгжилт хангагдахгүй байна. Энэ хуулийг зөвхөн ган зудтай байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиосон тохиолдолд өөрчилж болно. Гэвч одоогоор аймаг сумд ойн баяр, наадам гэхчлэн баяраа замбараагүй тэмдэглэсэн хэвээр байна. Хууль хэрэгжүүлэхгүй бол батлах хэрэг байна уу. Энэ асуудалд Хууль зүйн яам ямар анхаарал хандуулж байгаа вэ.

Мөн аймгуудын түрүү бөхчүүдээс допингийн шинжилгээ авах болж байгаа юм байна. Ер нь энэ допинг хэрэглэхгүй байх тал дээр Бөхийн холбоо ямар арга хэмжээ  авч байгаа юм. Жил болгон л допинг гарч наадам нь наадам биш болох юм. Энэ жил уралдааны морио яаж хэмжих юм" гэлээ.

Ажлын хэсэг П.Сайнзориг  “Хууль түрүү жил шинэчлэн батлагдсан. 2011 онд анх баяр наадамтай холбоотой арга хэмжээг хуульчилсан. Энэ хууль маань тодорхой цаг хугацаандаа хэрэгжиж байгаад түрүү жил шинэчлэн баталсан. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадмуудыг өөр өдрүүдэд буюу улс, аймаг, сумын баяруудыг тэмдэглэж болох бөгөөд улс аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумуудын баяр наадмыг аймгийн Засаг даргын тамгын газар хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 10-ны дотор тэмдэглэж дуусах ёстой шүү гэдгийг хуулиар зохицуулж өгсөн. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг тодорхой аймаг сумуудын удирдлагууд руу баяр наадмыг нэг зэрэг тэмдэглэх чиглэл хүргэж ажиллаж байна. Мэдээж асуудал гарч буй зүйл байгаа. Гэхдээ цаашид бид энэ хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллана.

Мөн бид допингийн эсрэг олон улсын гэрээ конвецид нэгдэж орсон. Үүний дагуу дотоодын дүрэм журмаа сайжруулсан байгаа. Өнөөдөр хэрэглэгдэж байгаа дүрэм нь зөвхөн үндэсний бүх спорт биш. Бүх спортод адилхан байна. Харин хэрэглүүлэхгүй байх тал дээр бид тамирчдаа соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байна.

Харин уралдааны морины хувьд Баяр наадмын тухай хуульд тодорхой зохицуулсан. Шүдэлгээ болон сэрвээний өндөртэй хамааралтай асуудлыг наадмын өдрүүдэд ил тодоор нээлттэй олон нийтэд хүргэнэ. Уралдан гарах болон барианд ороход уралдаж ирсэн морьдын шүдийг олон нийтэд нээлттэй харуулах хуулийн зохицуулалт бэлэн байгаа. Мөн бооцоот уралдааны тухай хуулийг Засгийн газарт өргөн барьсан байгаа" гэв. 

ҮЗЭХ: