Г.Занданшатар: УИХ авлигын эсрэг тэмцэх зорилтоо нэг алхмаар урагшлууллаа

Г.Занданшатар: УИХ авлигын эсрэг тэмцэх зорилтоо нэг алхмаар урагшлууллаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг сайжруулсан чуулган болно гэдгийг  онцлон тэмдэглэж байсан. Спикерын энэхүү зорилт өнөөдөр нэгэн томоохон алхмаар урагшиллаа.

Өөрөөр хэлбэл, олон нийтийн шүүмж, хөндлөнгийн судалгааны байгууллагуудын үр дүнд нийцүүлэн төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байх нөхцөлийг хангаж энэ өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар баталсан юм.

Энэ хөтөлбөр батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ,  Авлигатай тэмцэх нь зөвхөн төрийн ажил биш, бүх нийтийн үйл хэрэг. Иймд  авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэхэд онцгой анхаарах нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн шударга ёс, тэгш боломж гэдэг үг, уриа тунхагийн шинжтэй байхаа больж, иргэний нийгмийн байгууллага, сэтгүүл зүй, нийгмийн сүлжээ авлигын эсрэг бодитойгоор тэмцэн, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэхээр ажилладаг болсон. Үүнийг “Авлигатай тэмцэх 3 хэмжээст шинэ хандлага” гэж дэлхий даяар нэрлэж байгаа юм. Энэ шинэ соёл, дэлхий дахины хандлагад нийцүүлэн энэ өөрчлөлтийг хийж байгаа гэдгийг дор бүрнээ ухамсарлах хэрэгтэй гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр, төр дангаараа авлигын эсрэг тэмцэх биш бүх нийтээр, хамтын хүчин чармайлтаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ийм бодлого баталж, хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа, үндэслэл, нөхцөл, үр дагаварын талаар олон нийтэд зөв ойлгуулж, соён гэгээрүүлж, ил тод байж энэ хөтөлбөрийг дүнтэй хэрэгжүүлж чадна гэв.