БНЭУ-ын Парламентын Лок Сабхагийн дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа

БНЭУ-ын Парламентын Лок Сабхагийн дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Лок Сабхагийн дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2023.07.07) Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийх үеэрээ Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа.

Төлөөлөгчдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочлох үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочдод хандаж үг хэлсэн юм. 

Тэрбээр, “Миний урилгыг хүлээн авч, Монгол Улсад зочлон ирсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Лок Сабхагийн дарга Ом Бирла Танд болон Ражяа Сабха, Лок Сабхагийн эрхэм гишүүд, төлөөлөгчид та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хаалтын хуралдаанаа хийж буй энэ өдөр, Үндэсний Их баяр наадмын босгон дээр хүндэт зочин, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Лок Сабхагийн дарга Ом Бирла таныг Монгол Улсад, Монгол Улсын Их Хуралд хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна.

Оюун санааны хөрш хэмээн үздэг Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг үнэт зүйлс, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилан “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасны дагуу манай “гуравдагч хөрш” Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын зүгээс өндөр ач холбогдол өгч, цаашид боломжит бүхий л чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг энэ дашрамд тэмдэглэе.

Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Ражяа Сабха болон Лок Сабхатай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, парламентын төлөөлөгчдийн харилцан айлчлалын давтамжийг хадгалах, яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд анхаарал хандуулан ажиллах болно.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Лок Сабхагийн дарга Ом Бирла таны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Эрхэмсэг ноён дарга таны айлчлалд амжилт хүсэх ялдамд танд болон Ражяа Сабха, Лок Сабхагийн эрхэм гишүүд, төлөөлөгчид та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг Улсын Их Хурлын гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөе” гэлээ.