Өчигдөр болсон ЗГ-ын хурлын үеэр ЕС Л.Оюун-Эрдэнэ “Авлига хороолол” болон "S Outlet дэлгүүр"-ийг нураах ёстой гэх байр суурийг илэрхийлжээ

Өчигдөр болсон ЗГ-ын хурлын үеэр ЕС Л.Оюун-Эрдэнэ “Авлига хороолол” болон "S Outlet дэлгүүр"-ийг нураах ёстой гэх байр суурийг илэрхийлжээ

Наадмын өмнө Улаанбаатар хотод олон хоног үргэлжилсэн бороо орж, нийслэлийн зарим бүс үерт автсан. Үерт автсан хэсэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж, энэ үеэр “Үер, усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураах” үүргийг өгсөн билээ.

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТУХАЙД ЭНЭ БАЙР СУУРИЙГ ӨМНӨ НЬ ИЛЭРХИЙЛЖ БАЙСАН ЮМ-

Тэгвэл яг энэ агуулгыг Засгийн газрын өчигдрийн /2023.07.19/ хуралдаанаар үргэлжлүүлэн ярьж, “Үер усны далан, суваг, шуудуу хааж барилга барьсан S Outlet дэлгүүр болон “Аква гарден” хороолол буюу олны нэрлэж буй “Авлига хороолол” зэргийг нураах ёстой.

Тус барилгыг барих газрын болон барилгын зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг нийтэд ил болго” гэх байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлжээ.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн өдрүүдийнх шиг нөхцөл байдал Улаанбаатар хотод дахин  тулгарах магадлалтай. Үүнээс урьдчилан сэргийлж, бүхий л бэлтгэлийг хангаж ажилла гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сануулаад шаардлагатай арга хэмжээг авахыг үүрэг болгожээ. Тэрбээр дээрх барилгуудтай холбоотой байр сууриа өмнө нь ч Засгийн газрын хуралдааны үеэр илэрхийлж байсан гэдэг.

Тэр дундаа, голын голдролыг өөрчилж барьсан “Аква гарден” хороолол, “S Outlets” дэлгүүрт хамгийн эхэнд арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж буй аж.  “Аква гарден” хорооллын тухайд анх  буюу 2008 онд “Усан парк” барина хэмээн тухайн үеийн Хотын Засаг дарга Г.Мөнхбаяраас газрын зөвшөөрөл авсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн байдаг. Бид тус барилгыг хууль зөрчиж барьж буй талаар анх мэдээлж, олон нийтэд хүргэж байсан.

ВИДЕО: 

Тодруулбал, Энхтайваны гүүрний зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газарт “Эм энд Жи” констракшн гэх компани 11.8 га газрын зөвшөөрөл авч эцэстээ 25 давхар орон сууцны хороолол бариад буй. Сүүлийн үед тус хорооллыг иргэд “Авлига хороолол” хэмээн нэрлээд байгаа.

-"ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН" ХХК НЬ Г.МӨНХБАЯРААС ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛӨӨ, Б.МӨНХБААТАР, Н.НАЦАГДОРЖ НАРААС БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРЛӨӨ АВСАН БАЙДАГ-

Тус компани нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 23 /2022.03.23/-ны өдөр Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдоржоос үйлчилгээтэй орон сууц барих "Архитектур төлөвлөлтийн даалгавар" авснаар барилгын ажлаа эхлүүлсэн. Харин Барилга хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатар өнгөрсөн оны долдугаар сарын 07 /2022.07.07/-ны өдөр ”Эм Энд Жи констракшн” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барилгад 002/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.

Өнгөрсөн хугацаанд иргэд уг барилгын ажлыг зогсоох арга хэмжээг авахыг Хотын дарга Д.Сумъяабазараас шаардахад тэрбээр "хамгаалж", “Энэ барилга хууль зөрчөөгүй” гэж байлаа.

Усны тухай  хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно" гэж заасан байдаг. Гэвч Эм энд Жи констракшны одоо барьж буй орон сууц усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцуулж барилгаа барьж байгаа. Мөн их хэмжээний бургас хядсан байх магадлал бий. Тийм  ч учраас иргэд болон төрийн бус байгууллагууд газрын болон байгаль орчин сүйтгэсэн асуудлаар тус компанитай маргаан үүсгэн шүүх, АТГ-т хандаж, шалгуулаад буй бөгөөд шалгах процесс өнөөдөр ч явагдаж буй юм. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө