ШУУРХАЙ: А.Адъяасүрэнгийн ард Х.Баттулга байгаа гэж хардан АН-ын эмэгтэйчүүдийн байгууллага тэргүүн сонгох хурлаа хийж чадахгүй, гацжээ

ШУУРХАЙ: А.Адъяасүрэнгийн ард Х.Баттулга байгаа гэж хардан АН-ын эмэгтэйчүүдийн байгууллага тэргүүн сонгох хурлаа хийж чадахгүй, гацжээ

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа холбооны ажлаа өгөх хүсэлтээ гаргаад буй. Иймд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог хэн тэргүүлэх нь анхаарал татаж байна. Учир нь улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дарга болсноор 2024 оны УИХ-ын сонгуулиар намын эхний аравт бичигдэх юм. 

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болохоор ажиллаж байж болзошгүй байгаа аж. Иймд тус холбоо тэргүүнээ сонгох хурлаа ч хийж чадахгүй болоод байгаа аж. Энэ талаар АН-ын гишүүд дотор, “Х.Баттулга эмэгтэйчүүдийн холбоо заавал ав гэж А.Адъяасүрэнд үүрэг болгосон сурагтай. Иймд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн намын эмэгтэйчүүдтэй уулзалт хийж, тус холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдтэй дотночлох болсон” гэх яриа ч гарчээ. 

Харин эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагаа Х.Баттулгад алдахгүй гэсэн тус намын зарим гишүүд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хурлаа хийж чадахгүй ийнхүү гацаад байгаа аж. Учир нь өнгөрөгч зургаадугаар сард АН-ын эмэгтэйчүүд хуралдах тов гараад байжээ. 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдөж, парламентад сонгогдсон нэгэн. Энэ утгаараа түүнийг Х.Баттулгын хүн байж магадгүй гэдэг. Харин нөгөө талд Х.Баттулга АН-ын анхдагч гишүүдийг багтаасан Монголын ардчилсан холбоог тэргүүлж, өөрийн улс төрийн үйл хэрэгтээ шууд ашигладаг нэгэн.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд Фортуна Н.Батбаярын охин Б.Жаргаланг дэмжиж байгаа аж. Улмаар тус холбооны тэргүүнд А.Адъяасүрэн, Б.Жаргалан нараас гадна Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг, С.Эрдэнэтэй нэг хэсэг улс төрд хамтарч, шоронд ч хамт хоригдож явсан Д.Үүрийнтуяа, “Найрамдал” зуслангийн захирал асан Д.Оюунцэцэг нарын бүсгүйчүүд өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байгаа ажээ.