ШУУРХАЙ: Агнуурын бүс нутгаас Угалз 22 сая, Тэх 5 сая төгрөгөөр агнуулах дуудлага худалдаа өнөөдөр болно

ШУУРХАЙ: Агнуурын бүс нутгаас Угалз 22 сая, Тэх 5 сая төгрөгөөр агнуулах дуудлага худалдаа өнөөдөр болно

Засгийн газраас 2025 оныг дуустал “Монголд зочлох жил” буюу Аялал жуулчлалын жил хэмээн зарласан. Энэ хүрээнд "Аялал жуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг" УИХ-аар хэлэлцэж 2023 оны тавдугаар сарын 4-нд эцэслэн баталсан.

Тус хуулийн хүрээнд БОАЖЯ-наас ан амьтныг агнах эрхийг дуудлага худалдаагаар худалдах асуудлыг Аялал жуулчлалын тухай хуульд тусгаж, агнах зөвшөөрлийг дуудлага худалдаагаар борлуулахаар болсон билээ. Ингэхдээ жилд хэдэн тооны амьтан агнахыг амьтны нөөц, даацын судалгааг үндэслэн шийдвэр гаргана. Дуудлага худалдаанд 8-10 төрлийн амьтан оруулна. Тухайлбал, идлэг шонхор,  цагаан шонхор, эгэл шонхор, аргаль, янгир, тул, тэх, угалз гэхчлэн амьтдыг агнуурын бүсээс агнахаар заасан юм.

Эл амьтадаас тэх, угалз гээд үнэлгээ өндөр амьтад бий. Эдгээр нь өнгөрсөн онуудад жилд 23 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан. Уг дүн дуудлага худалдаа явуулдаг болсноор өсөх аж.

Тэгвэл 2023 онд шинээр батлагдаад буй Аялал жуулчлалын хуулиар амьтан агнах зөвшөөрлийн дагуу Говь-Алтай аймагт Угалз, Тэх агнах нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр /2023.07.26/ цахимаар хийхээр болжээ.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдан 2023 оны зургаадугаар сарын 2-ний өдрийн “хуваарь батлах тухай” А/215 дугаар тушаалаар 2023 онд Говь-Алтай аймгийн агнуурын бүс нутгаас зориулалтаар Угалз гурвыг, Тэх 21 толгойг агнуулахаар нээлттэй дуудлага худалдаа зарлажээ. Энэ хүрээнд дуудлага худалдааны бүртгэл 2023 оны долдугаар сарын 17-ны өдрөөс эхэлж, 2023 оны долдугаар сарын 25-ны өдөр орон нутгийн цагаар 18 цагт хааж, 2023 оны долдугаар сарын 26-ны 10 цагт шалгаруулалт эхлэхээр болсон байна. Харин дуудлага худалдааны босго үнийн хувьд Монгол Улсын Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувиас эхлэх аж.

Үүнийг төгрөгт шилжүүлбэл,

  • Нэг угалз 22 сая 200 мянган төгрөг. Үүний 20 хувь 4 сая 440 мянган төгрөг
  • Нэг тэх 5 сая 300 мянган төгрөг. Үүний 20 хувь 1 сая 60 мянган төгрөг байх юм.

Өсөх үнийн хязгаар нь:

Оролцогч нь дуудлага худалдааны үнийг нэг удаад өсгөх, доод хязгаар босго үнийн 10 хувиас доошгүй% дээд хязгаар нь босго үнийн 50 хувиас дээшгүй байна.

Дэнчин: Амьтны  тухай хуулийн 29.4 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа эхлэх босго үнийн 10 хувь байна.

  • Нэг Угалз 4 сая 440 мянган төгрөг. Үүний 10 хувь 444 мянган төгрөг
  • Нэг Тэх 1 сая 60 мянган төгрөг. Үүний 10 хувь 106 мянган төгрөг байхаар тус тус заажээ.

Агнуурын дуудлага худалдаагаар орж ирж буй мөнгөний 20 хувь нь тухайн бүс нутагт тухайн амьтныг үржүүлэх, 80 хувь нь тухайн аймаг, сумын төсөвт 40, 40 хувиар орох юм. Мөн ан агнуурын явц, шалгаруулалт, мөнгөн дүн зэргийг дуудлага худалдаа, зөвшөөрлийн тухай хуулиар зохион байгуулагч нь аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хяналт тавин ажиллана. Ингэхдээ хамгаалал, өсгөх үржүүлгийг хүлээсэн үүргийнхээ дагуу хангана. Мөн иргэдэд нээлттэй байх үүднээс “5Ш” ажиллагааны хүрээнд шилэн сайтыг ажиллуулж байгаа юм.

Түүнчлэн ан агнуурын дуудлага худалдааны оролцогч нь ан агнуурын менежмент хариуцагч, ан амьтны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэгч эрх бүхий этгээд байхыг хуульд тус бүрчлэн зааж өгсөн байна. Ингэхдээ хэрэглэх буу болон агнуурын бүс нутаг амьтадын тухай хавсаргажээ.

Харин дээрх асуудалд зарим иргэд шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал, Аргаль хамгаалах ТББ-ын хамт олон амьтанд хайртай хүмүүс эл хууль болон агнуурын асуудлыг шүүмжилж буй иргэд цөөнгүй бий. Гэвч хуулийн дагуу явагдаж буй энэхүү үйл ажиллагаа нь улсын төсөвт жилд 23 тэрбумаас дээш орлого оруулах, мөн орон нутаг байгаль орчны газруудад зэрлэг амьтадаа хамгаалах, өсгөн үржүүлэх цаашдын ажилд нь орлого болох бөгөөд орон нутгийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт болох юм. Хамгийн чухал нь гаднын жуулчдыг татах томоохон ажлуудын нэг билээ.