О.Батнайрамдал: Монголыг орхиод “Оюу толгой”, “Онтрэ” компаниуд ашгаа 20/80-аар хуваах гэрээ хийсэн байна

О.Батнайрамдал: Монголыг орхиод “Оюу толгой”, “Онтрэ” компаниуд ашгаа 20/80-аар хуваах гэрээ хийсэн байна

“Оюу толгой” болон “Онтрэ” компаниуд “Монгол Улсыг орхиод” хоорондоо гэрээ байгуулсан асуудал олны анхаарлыг татаад байна. Иймд бид уг асуудлын талаар анх “шүгэл” үлээсэн УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг “Шугам” нэвтрүүлгийнхээ 45 дахь дугаарт урьж, дээрх асуудлын талаар ярилцлаа.

ВИДЕО:

-"ОЮУ ТОЛГОЙ-Д 16 ЖИЛ ГАРЧ ИРЭЭГҮЙ ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР ГАРЧ ИРЛЭЭ"-

-Та “Оюу толгой”-той холбоотой асуудлын талаар нийгэмд шүгэл үлээлээ гэж харж байна. Учир нь “Оюу толгой”-н үндсэн орд болох “Hugo”, “Heruga” хоёр ордод ашиглалтын лиценз эзэмшдэг “Онтрэ” гэх компани “Рио Тонто”-той 20/80 хувиар ашиг хуваах буюу бараг нууц гэрээ байгуулчихсан байна гэх утгатай мэдэгдлийг та хийсэн. Энэ асуудалтай холбогдуулан таныг “гуравдагч орны хөрөнгө оруулалтыг үргээлээ, Харвардад ийм зүйл заадаг юм уу” зэргээр шүүмжилж байна. Эндээс хоёр асуулт гарч  ирж байгаа юм л даа. Та энэ мэдэгдлээрээ “Оюу толгой”-оос Монгол Улс дахиад ашиг хүртэх боломж байна гэдэг зүйлийг яриад байгаа юм уу. Эсвэл хүмүүсийн шүүмжлээд байгаатай ижил улс төрийн оноо цуглуулаад байна уу?

-Ойлгомжтой л доо. “Оюу толгой”-д 16 жил гарч ирээгүй үүлэн чөлөөний нар гарлаа. Одоо Монгол Улсын эрх ашгийн төлөө алхам хийх хэрэгтэй. “Оюу толгой” орд бол Монголын сор болсон стратегийн ордуудын нэг мөн. Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтад Стратегийн орд ашиглахад нийт өгөөжийн дийлэнх нь Монголын талд байна гэж заасан. Мөн Ашигт малтмалын тухай хуулин дээр ч стратегийн ордын хайгуулыг хувийн хэвшил хийсэн бол 34 хувьтай дүйцэхүйц АМНАТ-аар орлуулах ёстой гэжээ. Үүнийг л хэрэгжүүлье гэж байгаа юм. Намайг элдэв янзаар хэлэх огт чухал биш. Би УИХ-ын гишүүн болж сонгогдсон тул миний үйлчлэх ёстой хүмүүс бол олон нийт.  

Миний хувьд “Оюу толгой” дээр ийм боломж гарч ирж байгааг харсан учраас олон нийтийг мэдэх эрхээр хангасан. Засгийн газрыг шахаж энэ асуудлыг Монголын талд хууль эрх зүйн хүрээнд нь зөв шийдвэрлэх ёстой.

-Иргэд мэдэхгүй байж магад. “Оюу тойлгой”-н нэг бүлэг орд л гэж бодож байгаа шүү дээ?

-“Оюу толгой”-н бүлэг ордод өмнөд болон хойд Hugo гэдэг хоёр бүлэг орд бий. Энэ ордын урд талд “Онтрэ” ХХК-ийн эзэмшилд “Шивээ толгой” лиценз байдаг. Мөн Herugo гэдэг ордын дийлэнх хэсэг нь буюу “Жавхлант” лиценз нь “Онтрэ” ХХК-ийн эзэмшлийн хоёр дахь лиценз. Өөрөөр хэлбэл “Онтрэ” ХХК гэх Канадын хөрөнгийн бирж дээр худалдаалагддаг компанийн эзэмшилд байгаа юм. “Оюу толгой”-н газар доор байгаа хүдрийн 30 хувь нь “Онтрэ” ХХК-ийн эзэмшилд байна. Мөн “Оюу тойлгой”-н бүлэг ордны алтны 42 хувь нь, нийт зэсийн 24 хувь, молбединий бараг 94 хувь нь дээрх хоёр ордод байгаа.

-"ГАДААДЫН ХОЁР КОМПАНИ МОНГОЛЫН БАЯЛГИЙГ 20/80-ААР ХУВААГААД АВСАН БАЙНА"-

-Та мэдэгдэл дээрээ “Оюу толгой”, “Онтрэ” хоёр компани 76 хуудас бүхий гэрээ хийсэн байна гэсэн. Та тэр гэрээг нь үзэж, танилцсан уу?

-Харсан. Хамтран ажиллах ажиллагааны хүрээнд ашиг хэрхэн хуваахаа уг гэрээгээр тодорхойлсон байгаа юм. Үүн дээр Монголын тал огт байхгүй. Огт дурдагдаагүй гэж ойлгож болно. Гадаадын хоёр компани л Монголын баялгийг 20/80-аар хуваасан байгаа юм. “Оюу толгой” 80 хувийг нь, “Онтрэ” 20 хувийн ашгаа хүртэхээр хуваасан байсан. Энэ гэрээг байгуулахад Монголын талын эрх ашиг нь хаана байгаа юм бэ. Стратегийн орд шүү дээ. Гэтэл Монголын тал огт дурдагдахгүйгээр гадаадын хоёр компани ашиг хуваах гэрээ хийсэн байна. Монгол Улс түүн дээр нь ямар АМНАТ авах, ямар ашиг хүртэх нь ойлгомжгүй байна гэсэн үг. Гэхдээ анх “Оюу толгой”, “Онтрэ” хоёр компани хоорондоо маргаантай байсан юм. Улмаар “Онтрэ” “Оюу толгой”-г Канадад арбитрын шүүхэд өгсөн.

Шүүх хоёр гурван жил хэлэлцсэний дараа өнгөрсөн онд албан ёсоор “Онтрэ”-гийн талд шийдвэрлэсэн. Ийнхүү арбитрын шүүхийн дагуу гурван сарын өмнө гэрээгээ албажуулсан байна. Иймд Монголын эрх ашгийг энд гаргаж ирэх ёстой.

-“Онтрэ”-ийн эзэмшлийн ашиглалтын талбайн олборлолт энэ онд эхлэх гэж байгаа. Hugo-руу 2024 онд гүний уурхайн олборлолт эхэлсэн гэдэг мэдээлэл байна. Heruga-г ирээдүйд ашиглана. Тийм үү?

-Бидний одоо ашиглаж байгаа нь “Hugo” орд мөн. Мөн “Жавхлант”-ын талбай руу энэ жилээс орж эхэлсэн бөгөөд дараа жилээс олборлоод эхэлнэ. Хүдэр олборлоод эхэлбэл эдийн засгийн ойлголт болно. Өөрөөр хэлбэл орлого, татвар, АМНАТ бүртгэгдэнэ гэсэн үг. Ногдол ашиг хүртэл яригдана. Тэгэхээр үүн дээр ямар зарчмын байр суурь баримтлах ёстой вэ. “Оюу толгой” тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй бид гэрээ байгуулсан. Иймд зарчмын хүрээнд “Онтрэ”-ийн эзэмшиж байгаа ордод хөрөнгө оруулалтын шинэ гэрээ байгуулах ёстой.

-"НАДАД ЗАХИАЛАГЧ БАЙГАА БОЛ ТЭР НЬ АРД ТҮМЭН"-

-Товчхондоо “Онтрэ”-гийн лицензыг ашиглаад “Оюу толгой” олборлолтыг нь хийнэ гэдэг түншлэлийн гэрээтэй байж магадгүй юм билээ. Тэгэхээр “Оюу толгой”-н толгой, сүүл болсон хоёр орд нь энэ төслийн нэгжид ороогүй учраас бид ашгаа авах ёстой. Гэтэл “Оюу тойлгой” нь “Энэ бол нэг орд. Танайх 34 хувиа эзэмшиж байгаа шүү дээ” гэдэг зүйлийг ярих юм биш үү?

-Тийм аргументыг дэвшүүлэх л байх. Гэхдээ зарчмын хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу “Онтрэ”-тэй бид гэрээ хийх хэрэгтэй. Хэрвээ тэр тусгай зөвшөөрөл нь “Оюу толгой”-н нэр дээр байсан бол, Хөрөнгө оруулалтын гэрээн дээрээ түүгээрээ туссан байсан бол асуудал үүсэхгүй байсан. Гэтэл “Онтрэ”-гийн нэр байгаа хоёр лиценз “Оюу толгой”-н хөрөнгө оурулалтын гэрээ байгуулахаас өмнө буюу 2004 оноос “Онтрэ” ХХК-ийн нэр дээр явж ирсэн байгаа юм. Нэгэнт л тусгай зөвшөөрөл эзэмшигч “Онтрэ” ХХК юм бол гэрээ дахин байгуулах ёстой. Мөн логикийн хувьд ашиг хуваах нь дараагийн асуудал бөгөөд ашиг хуваахаас өмнө яригдах ёстой зүйл нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа талбайгаас монгол ашиг авна гэж гэрээ хийгээгүй байна.

Монгол улс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийж, Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой.

-Таны энэ мэдэгдлийн ард хэн нэгэн улс төрч захиалаад байна уу гэсэн хардлага байна?

-Захиалагч байгаа бол тэр нь ард түмэн. Боловсролын зээлийн сан ч ялгаагүй ийм асуудал үүссэн. Аливаа асуудлыг бид гаргаж ирж, шийдвэрлэх хэрэгтэй. Үгүй бол би яах гэж улс төрч байх юм.

-Та Харвардын их сургууль төгссөн. Тэр сургуульд чинь хувийн хэвшлийн 34 хувийг төр үнэгүй авах ётсой гэж заадаг юм уу?

-Тэр сургууль шударга, зөв байхыг л заадаг. Миний хүсээд байгаа зүйл бол шударга, зөв, Монгол Улсын эрх ашиг хангагдсан байгаасай л гэж хүсэж байна. Ганцхан л зүйл. Шударга гэрээ байгуул, харилцан ашигтай бай гэсэн зарчмын байр суурь. Түүнээс биш нэг компани руу дайраад байгаа зүйл огт биш.