Сүүлийн үед "Унадаг дугуйтай хүүхэд автомашинд мөргүүлж, амь насаа алджээ", "Цахилгаан мотоцикл, автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан байна", "Скүтертэй хүүхдийг мөргөж, гэмтээжээ" зэрэг сэтгэл сэрдхийлгэсэн мэдээ бараг л өдөр бүр бүртгэгдэж, энэ нь хэвийн үзэгдэл мэт болжээ.
Цагдаагийн байгууллагаас энэ талаар сэрэмжлүүлж, алба хаагчид зохих ёсны шаардлага тавин ажиллаж байгаа ч эл төрлийн гэмт хэргийн гаралт жил бүр нэмэгдсээр байна. Үүнд, Улаанбаатар хотын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээ, авто замын стандарт, иргэдийн ухамсар гээд олон шалтгаан нөхцөл байгаа нь гарцаагүй. Тэгвэл бид иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
ВИДЕО:
Улаанбаатар хотын авто зам, явган хүний зам гээд хаа сайгүй унадаг дугуй, цахилгаан мотоцикл, скүтер унасан хүүхэд, том хүн харагдана. Тэд энэ төрлийн тээврийн хэрэгслийг сонсон, зорчсоноороо эрүүл мэнд, амь насаараа хохирч үлдэх учиргүй. Гэвч хатуухан хэлэхэд Монголын нөхцөлд эл төрлийн тээврийн хэрэгсэл сонгосон хүмүүс "хохирогч" болсоор байгаа нь харамсалтай. Хэрэв унадаг дугуй стандартын замтай, авто замын түгжрэлгүй, нийтийн тээвэр нь хүрэлцээтэй, иргэд нь дүрэм, журмаа баримталдаг байсан бол жил бүр олон арван хүн осолд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байв.
Нөгөөтээгүүр, иргэдийн ухамсар. Дээрх төрлийн тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцож буй иргэд замын хөдөлгөөний дүрмээ баримтлахгүй хөдөлгөөнд оролцох нь элбэг байдаг байна. Тухайлбал, цахилгаан мотоциклыг 18 нас хүрсэн, жолооны А үнэмлэхтэй хүн жолоодох бөгөөд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, оношилгоо үзлэгт орсон байна. Мөн хамгаалалтын малгай өмсөж, замын хөдөлгөөнд оролцоно гэдгийг Замын хөдөлгөөний тухай хуульд заажээ. Гэвч иргэд эдгээр заалтыг зөрчиж, замын хөдөлгөөнд оролцож, өөрсдийгөө болоод бусдыг эрсдэлд оруулсаар байгаа юм.
Түүнчлэн унадаг дугуй, скүтер, цахилгаан дугуй зэрэг тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцож буй хүмүүс авто замын зорчих хэсгийн голоор явах, уулзвар нэвтрэхдээ тухайн тээврийн хэрэгслээ унаж гарах, нэг хүн суух зохиулалттай тээврийн хэрэгсэлд хоёулаа сууж зорчих, явган хүний замаар хурдтай явдаг зэрэг зөрчлийг ихээр гаргадаг байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй иргэд Замын хөдөлгөөний тухай хууль, дүрмийг сайтар судалж, энэ талын мэдлэг, мэдээллээ сайжруулж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.