Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монголын улаан загалмай нийгэмлэг"-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монголын улаан загалмай нийгэмлэг"-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний чуулган 2023 оны 08 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд боллоо.

Чуулганы нээлтэд нээлтэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази номхон далайн бүсийн захирал Александр Матью, Олон Улсын Улаан загалмайн хорооны Зүүн Азийн бүсийн орлогч дарга Борис Келечевич болон нийслэл, орон нутгаас сонгогдсон төлөөлөгчид оролцсон юм. Дөрвөн жилд  нэг удаа болдог Үндэсний чуулганаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилж, “Стратеги-2030”, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталсан юм. Мөн өнгөрсөн 4 жил хүмүүнлэгийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.

Улмаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Дэд ерөнхийлөгчөөр Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр нар тус тус сонгогдлоо.

Үндэсний чуулганд 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хороо, тусгай чиг үүргийн УБТЗ ХНН-ийн Улаан загалмай хороо, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл оролцсон юм.