БИДНИЙ ТУХАЙ: АНУ-тай харилцаагаа тэлснээр БНХАУ-ын эсэргүүцэлтэй тулгарч Монгол Улс хүндхэн нөхцөл байдалд хүрч болзошгүй

БИДНИЙ ТУХАЙ: АНУ-тай харилцаагаа тэлснээр БНХАУ-ын эсэргүүцэлтэй тулгарч Монгол Улс хүндхэн нөхцөл байдалд хүрч болзошгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 2-6-ны хооронд АНУ-д улс төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр газрын ховор ашигт малтмал нийлүүлэх болон шууд нислэг үйлдэх зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тэгвэл АНУ-тай харилцаагаа тэлснээр БНХАУ-ын эсэргүүцэлтэй тулгарч, Монгол Улс хүндхэн нөхцөл байдалд орж болзошгүй талаар Америкийн "The Diplomat" хэвлэлд бичжээ. Тус нийтлэлийг орчуулан хүргэе.

Монгол Улс ашигт малтмал тэр дундаа зэс, газрын ховор элементээр баялаг боловч Хятад, Орос гэх хоёр томоохон гүрний дунд оршдог. Тус улс “гуравдагч хөрш” болох АНУ руу нэн чухал өөрчлөлт хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Вашингтонд айлчлах үеэрээ чухал ашигт малтмалын салбарт АНУ-тай харилцаагаа бэхжүүлэх, ялангуяа газрын ховор элементийн олборлолтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой байсан. Түүнчлэн Монгол Улс, АНУ-ын хооронд шууд худалдааг дэмжих зорилготой “Нээлттэй тэнгэр” агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулсан.

Газрын ховор элемент нь орчин үеийн олон технологид чухал үүрэг гүйцэтгэдэг. Тодруулбал, цахилгаан тээврийн хэрэгсэл, салхи, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүч болон холбогдох технологийн хурдацтай өсөлт нь газрын ховор элементийн эрэлтийг 2022 онд 37 хувиар нэмэгдүүлэхэд түлхэц өгсөн бөгөөд энэ эрэлт дор хаяж дараагийн таван жилд үргэлжлэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээ АНУ-д геополитикийн хувьд эрсдэлтэй байгаа юм. Учир нь Хятад улс газрын ховор 17 элементийн хамгийн их хэмжээний байгалийн нөөцтэй бөгөөд тус бүрийг цэвэршүүлэх, ялгах өвөрмөц техникийг хөгжүүлсэн байгаа юм.

Газрын ховор элементээрээ Хятадын хязгаарлалтад өртөж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн барууны засгийн газрууд уул уурхайн эх үүсвэрийг төрөлжүүлэх, Хятадын оролцооноос үл хамааран барилга байгууламж барихыг эрэлхийлэх боллоо.

АНУ тэргүүтэй барууны орнууд болон Хятадын геополитикийн өрсөлдөөний өмнө Монгол Улс нийлүүлэлтийн сүлжээн дэх Хятадын ноёрхлоос үүдэлтэй эрсдлийг бууруулахын тулд ардчилсан эвсэл рүү тэмүүлж байна.

Ийм нөхцөлд Монголын Ерөнхий сайд Вашингтонд айлчилж, газрын ховор элементийн хамтын ажиллагааны талаар ярилцсан нь АНУ-ын байр суурийг бэхжүүлж, энэ геополитикийн маргааныг улам даамжруулж болзошгүй.

АНУ болон Монголын ховор металлын түншлэл харилцан хоёр улсад ашигтай байх болно. Үүний зэрэгцээ Монгол Улс дипломат харилцаагаа өргөжүүлж, АНУ-ын боломжит хөрөнгө оруулалтаас ашиг хүртэж, эдийн засгийн өсөлтөд хүрэх боломжтой.

Гэвч хэд хэдэн саад бэрхшээл нь байна. Нэгдүгээрт, 1-70 хувийн ислийн агууламжтай газрын ховор элементийг олборлох эдийн засгийн үр ашиг баталгаатай биш. Монголын газрын ховор элементийн нөөцийн чанар, олборлолт, боловсруулалтад шаардагдах хөрөнгө оруулалтын талаар тодорхойгүй байдал байсаар байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын байгаль орчинд ихээхэн хохирол учруулах ховор элементийн олборлолт дотоодын эсэргүүцэлтэй тулгарч магадгүй. Газрын ховор элемент олборлох явц нь ихээхэн эрчим хүч, усны нөөцийг зарцуулж, янз бүрийн хог хаягдал, бохирдуулагч бодис, уурхайн хортой үлдэгдэл, хүнд металлаар дүүрсэн бохир ус, цацраг идэвхт хаягдал, нүүрстөрөгчийн давхар исэл, хүхрийн давхар исэл зэрэг ялгарна.

Гуравдугаарт, хүнд машин механизмыг тээвэрлэх хангалттай зам, найдвартай цахилгаан эрчим хүч зэрэг чухал дэд бүтэц Монголд байхгүй байгаа нь бэрхшээлийг нэмэгдүүлж байна. Хачирхалтай нь, Монголын энэ байдлыг шийдвэрлэх хамгийн сайн түнш нь Хятад юм. Хоёр улс хил дамнасан төмөр зам, худалдааны боомт, авто зам, хурдны зам зэрэг олон төрлийн дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллахаар болсон.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улс далайд гарцгүй тул дэлхийн худалдааны хамгийн ойрын улс болох Хятадын боомтуудад хүрэх авто тээврээс хамааралтай болж байна. “Нээлттэй тэнгэр” нисэхийн гэрээгээр ашигт малтмалын агаарын тээвэрлэлтийн өртөг нь эдийн засгийн үр ашгийг амархан бууруулна. Ийнхүү АНУ, Монгол хоёр улсын харилцааг бэхжүүлэх нь геополитикийн хувьд Хятадад ашиггүй байж болох бөгөөд энэхүү шилжилт нь Хятад, Монголын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Хятад улс нь Монголын эрдэс баялгийн экспорт, тэр дундаа зэс, нүүрсийг хамгийн ихээр экспортолдог орон хэвээр байна.