Л.Лхагвасүрэн: АНУ-д суралцаж , амьдарсан туршлагаараа “Мэнэнгийн талд” мал аж ахуй, сургалт хосолсон фермерийн шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна /ВИДЕО/

Л.Лхагвасүрэн: АНУ-д суралцаж , амьдарсан туршлагаараа “Мэнэнгийн талд” мал аж ахуй, сургалт хосолсон фермерийн шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна /ВИДЕО/

Мэнэнгийн талд хөгжил хайж бус ихийг хийж бүтээх гэсэн нэгэн сэхээтэн АНУ-д суралцсан мэдлэгээрээ эх орны хөгжил хувь хүн, хөдөлмөрч ард, эрүүл гэр бүлээс үүснэ гэх өөрийн судалгаан дээр суурилсан эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэхээр 12 жилийн өмнө очсон байдаг. Хүрээлэн буй орчин, нутаг ус түүнийг сайхнаар угтан аваагүй ч өөрийнх нь хичээл зүтгэл, хөдөлмөрийн дараа хүн бүр түүнийг хүндлэх болж, тал нутагт малчдын хотонд хүүхдийн дуу цангинаж, говьд байшин сүндэрлэж, гэрэл цахилгаан, жуулчид гээд бүхий л зүйлийг тэрбээр цогцлоожээ.

Иймд бид Мэнэнгийн талд мал аж ахуй, сургалт, судалгаа хосолсон фермерийн аж ахуйг нэвтрүүлэхээр ажиллаж буй эгэл даруу, хөдөлмөрч эрхэм Дорнод аймгийн Баянтүмэн сум, IV багийн иргэн, “Зүүн хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв”-ийн гүйцэтгэх захирал Л.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

ВИДЕО: 

Түүний хувьд судлаач, фермер, малчин гэхчлэн олон цол, гуншинтай. Экологич мэргэжилтэй. Унаган Улаанбаатарын, сэхээтэн гэр бүлээс гаралтай нэгэн. Улмаар АНУ-д суралцаж, Европт боловсрол эзэмшсэн. 20 гаруй наснаасаа Монголын тал нутагт олон талын судалгаа, шинжилгээний ажилд идэвхтэй оролцож туршлага хуримтлуулсан аж. Үүний дараа АНУ-ын  Денвер, Виржина хотуудад 15 жил амьдарч 2011 онд эх нутагтаа ирж, 2012 оноос Дорнод аймгийн Мэнэнгийн талд суурьшаад буй нь энэ юм. Тэрбээр энэ талаар ярихдаа, “50 гаруй насандаа гадаа ч бие засаж үзээгүй эхнэр маань хөдөөд хүний хөгжилд хувь нэмэр оруулахаар зүтгэсэн миний хүсэл эрмэлзлийг ойлгож хэдий эхнэр хүн ч тэр болгон эмэгтэй хүнээс гарамгүй зориг гарган хамтдаа талд ирж, монгол гэр барин төвхнөж байлаа.

Л.Лхагвасүрэн гэргийн хамт

Улмаар монгол гэрт амьдрах ажил явуулахад хүндрэлтэй байсан тул өөрийн эзэмшсэн чадвараар Канад технологиор байшин барьсан юм. Энэ ажилд маань хамтран ажилласан залуус ч мөн тусалж байсан. Яг л стандартын дагуу 380 орчим метр квадрат талбайтай угсармал байшин барьсан. Энэхүү байшин маань  найман өрөө, хурлын заал, ресторантай. Агааржуулалт, гэрэлтүүлэг, эрчим хүч, ус, дулаан зэргийг байгальд ээлтэйгээр шийдсэн. Нар салхийг ашиглаж эрчим хүчээ хуримтлуулдаг. Нам даралтын зуухтай. Зурагт, радио, компьютер гээд ажил явуулахад хэрэгтэй бүх зүйл бий.

Канад технологиор барьсан байшин

Энэ бүхийг хийх болсон шалтгаануудын нэг нь 12 жилийн өмнө эх орондоо ирж суурьшихаар оролдох үед анзаарсан хөгжлийн ухралтаас болсон л доо. Юу гэхээр бид зарим зүйлээрээ хөгжсөн ч 10 жилийн өмнөхөөс хөгжлөөр хоёр шат ахиж нэг шат ухарсан байсан. Мөн хүнээ хөгжүүлж улмаар мал аж ахуйд тулгуурласан эрүүл, эрчимтэй хөгжих тогтвортой эдийн засаг гэх ойлголт огт байгаагүй. Хувь хүний оюун санааны хөгжил маш их хоцрогдолтой санагдсан. Тиймээс л  хотод төвхнөж чадахгүй юм байна. Бүр хөдөө явъя гэх шийдвэрийг гаргаж гэр бүл минь дэмжсэнээр өдгөө Дорнод аймгийн Баянтүмэн суманд нутагшиж IV багийн иргэн болоод байна” гэсэн юм.

Л.Лхагвасүрэнгийн хүүхдүүд мөн дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцаж мастер, доктор хамгаалсан хүмүүс. Өдгөө тэд бүгдээрээ хөгжлийн төлөө эх орондоо ажиллаж амьдарч байна. Энэ бүх боловсрол сайн хүмүүжлийн эхлэл нь түүний сэхээтэн гэр бүлээс эхлэлтэй. Тухайлбал, "Аав маань их сургуульд 65 жил багшилсан, шинжлэх ухааны гавьяат ажилтан, ардын багш. Ээж маань Монголын бараг бүх байгалийн баялагт анализ хийж, уул уурхайд ажилласан. Эцэг эх маань хоёул цөмийн физикчид" гэсэн юм. Иймээс л түүнд өнөөдөр нэвт шувт шингэсэн хүүхдийн боловсрол, хувь хүний хөгжил эдийн засаг, улс орны хөгжлийн гол тулах цэг юм шүү гэх философийг суулгаж өгсөн биз.

“Зүүн хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв”

Тэрбээр хөдөө амьдрах 12 жилийн хугацаанд зүгээр нэг байшин барьж, сургалт явуулсангүй. Дорнодын талд “Зүүн хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв” байгуулж НҮБ болон Герман, Америк, Канад, Австри, Унгар эрдэмтэдтэй хамтран ажиллажээ. Ингэхдээ 2020 онд НҮБ-аас зарласан уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон улсын хөтөлбөрт 135 орноос шалгарч орон нутгийн хөгжлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн байна. Мөн Японы “Сүмитомо” корпорацтай гурван жил хамтран ажиллаж, Монголын ховор болон нэн ховор эмийн ургамлыг тарималжуулах тухай судалгааг хийжээ. Түүнчлэн Австрийн их сургуультай хамтран хүн, мал аль аль нь иддэг ургамлын судалгаа, хөрсний чийг барих туршилтын ажлыг дөрвөн жил хийгээд 2021 онд дуусаад буй аж. Энэ мэтчилэн олон ажлуудыг тус байгууллага Дорнодын талд хийсэн байна.

Энэ талаар дурдахдаа, “Бидэнд том дарга танил болон олон улсын хуралд суугаад дэлхийн хэмжээний байгууллагуудтай танилцах боломж байгаагүй. Бидэнд зүгээр л гадаад хэл байсан. Тиймээс л өнөөдөр хөдөөгөөс дэлхийтэй харилцаж, дээрх ажлуудыг хийж чадлаа” гэсэн юм.

Мөн тус байгууллага нь орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэхээр “Farm Stay–Dornod” аялал жуулчлалын төв чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өдгөө “Farm Stay–Dornod” цахим танилцуулга дэлхийд алдартай бүх аялал жуулчлалын аплейкшнд байршжээ. Улмаар Google map-д ч бүртгэгдсэн байдаг бөгөөд зорин ирсэн жуулчид, аялагчид, амрагчид ч цахимд сэтгэгдлээ ирэрхийлэх болсон байна. Энэ чиглэлээр өвөл, зунгүй 30 хүн хүлээж авах хүчин чадалтай ажиллаж байгаа юм. Харин Ковидын үед нэг өдөрт 130 хүн ирж рекорд тогтоосон гэнэ.

“Farm Stay–Dornod” аялал жуулчлалын төв

Түүнчлэн дээрх ажлуудыг явуулахын зэрэгцээ өвөл, зуны хүлэмж барьж өргөст хэмх, улаан лооль гэхчлэн нарийн ногоо тарьж эхэлсэн бол өдгөө том талбайд бага зардлаар тариалах боломжтой хүнсний ногоо хоолны орж бүтээгдэхүүнүүдийг тарьж байна.

Мөн цаашид тус газрыг эрчимжсэн мал аж ахуйн суурь болгож, бага сургуультай болох аж.

Тэдний хувьд мөн л өмнө нь ногоо тарьж үзээгүй гэх. Тэдний бүтээсэн бүхнийг дүгнэн хэлбэл хөдөө ялангуяа говь талд эрчимжсэн аж ахуй эрхэлж, байгаль орчин өөрсдөд ашигтай чиглэлээр олон улстай хамтран ажиллаж, аялал жуулчлалыг ч хөгжүүлэх боломжтой гэдгийг тэд баталлаа.

Л.Лхагвасүрэн ярианыхаа төгсөлд “Энэ хэдэн жилд хуримтлуулсан туршлага, судалгаан дээр тулгуурласан мэдлэгээ аймаг сумуудад түгээн дэлгэрүүлэхээр сум, багуудаар явахаар төлөвлөж байна. Бид бүтээнэ, сөнөөнө гэдэг дууны үг шиг бүтээж байсан сөнөөсөн хүмүүс тиймээс одоо алдаагаа засаж шинээр бүтээхэд сэхээтэн, сэтгэлтэй хэн бүхэн арай өөр арга замаар хичээх хэрэгтэй” хэмээсэн юм.