ДАЛАЙ ЛАМ: Төвд, Монгол, Оросын хооронд онцгой уялдаа холбоо бий

ДАЛАЙ ЛАМ: Төвд, Монгол, Оросын хооронд онцгой уялдаа холбоо бий

Саяхан эмнэлэгт хэвтэж гараад, бие нь тийм ч сайнгүй байгаа ч гэлээ 83 настай Далай лам Дхарамсалад 10 дахь жилдээ Оросын буддистуудад зориулсан сургаалиа айлдаж энэ үеэрээ Риа Новости агентлагт ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг товчлон хүргэж байна.

-Хүмүүсийн мөс чанар улам л сайжирч, дайтахыг хүсэхгүй, байгаль дэлхийдээ илүү ариг гамтай хандах болсон гэж та хэдэнтээ айлдаж байлаа. Харин одоо хүн төрөлхтөнд хариуцлага дутагдаж байна, дэлхий ертөнц сүйрэлд ойрхон байна гэж хэллээ. Та үзэл бодлоо өөрчлөн, хүн төрөлхтөнд итгэл алдаа юу даа?

-Үгүй ээ, би байр сууриа  өөрчлөөгүй.  Өмнөх байр суурин дээрээ илүү бат зогсох болсон. Амьтай бүхэн, шавж ч тэр зовохыг хүсэхгүй, харин аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Хүн бүр аз жаргалтай амьдрах эрхтэй. Асуудал юунд байна вэ гэвэл бидний хяналтаас үл хамаарах асуудлууд өнөөгийн ертөнцөд оршсоор байна. Тухайлбал дэлхийн  дулаарал гэсэн ноцтой асуудал бий. Саяхан би эрдэмтэдтэй уулзсан юм. Тэдний дунд Тайванаас ирсэн, химийн салбарын Нобелийн шагналт эрдэмтэн байлаа. Манай ертөнц цааш оршин тогтнох эсэх нь ойрын 80 жилд шийдэгдэнэ гэдэгт л гол асуудал байгаа юм гэж тэр өгүүлж байсан юм. Бид экологийн асуудалд нухацтай хандах ёстой. Хүрээлэн буй орчныг хамгаалахад санаа зовниж буй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байгаа нь сайны дохио.

Үүний зэрэгцээ хичнээн олон хүн бусдын гарт амиа алдаж байна вэ?! Хүн үүссэн цагаасаа л өнөөдрийнх шиг нэгнээ ингэж олноор нь хөнөөж байсан бол хүн төрөлхтөн газрын хөрснөөс арчигдах байлаа.

Энэ бол феодалын системтэй салшгүй холбоотой гэж би боддог. Феодалын нийгэмт улс оронд хаан эсвэл хатан хаан, заримдаа шашны тэргүүнүүд арми бүрдүүлэн, тэднийг бусад хүмүүсийг хөнөөлгөхөөр илгээдэг байлаа. Гэхдээ бүх л цэргүүд амь насаа хайрлана шүү дээ. Тэдэнд сонголт байсан бол нэг нэгнээ хөнөөхөөр явахгүй байх байлаа.

Сталин болон Гитлерийн үеийн амьдралын жишээг нэрлэж болно. ЗХУ-д Сталин, Германд Гитлер эрх барьж байх үед олон сая хүн амиа алдсан. Амиа алдсан тэд бүгд л бидний ахан дүүс шүү дээ.

Дэлхийн нэгдүгээр дайн, хоёрдугаар дайн байна. Эдгээр нь ямар нэг сайн сайхан зүйл авчирсан уу гэвэл үгүй. Гагцхүү үзэн ядалтыг л дэврээсэн. Цэргийн үйлдвэрлэлийн хөгжлийг сайн үр дүн гэж тооцохгүй бол шүү.  Гэхдээ зэвсгийн цорын ганц зориулалт нь бусдыг хөнөөх.

Цэргүүдийг дайчлан, нэг нэгнээ хөнөөлгөхөөр илгээдэг дайны концепц нь феодалын системд л байсан, одоо бол хэтэрхий хуучирсан.

Тун саяхан Тайландад шинэ хааныг тунхаглалаа, Японд ч шинэ эзэн хаан суудалдаа суусан бол Британид дахин нэг ханхүү мэндэллээ... Хаант засаглалын хэлбэр хоцрогдсон гэж би боддог. Орост большевик хувьсгал хаант засаглалд цэг тавьсан бол Францын хувьсгал мөн л улсынхаа хаант засаглалыг дуусгавар болгосон. Энэ нь зөв зүйтэй хэрэг байсан гэж би боддог \инээв\ Хаан, хатан хаан зэрэг нь хоцрогдсон сэтгэлгээ.

-Та засаглалын ямар хэлбэрийг зөв зүйтэй гэж үздэг вэ?

-Өнөөдөр ардчиллын үе ирээд байна. Дэлхий долоон тэрбум хүнд харьялагддаг. Харин улс орон бүр ард түмэндээ харьяалагдана. Хүмүүс зохих боловсрол эзэмшвэл тэдэнд зөв сэтгэлгээ сууж, нэг нэгнээ хөнөөхгүй л болов уу.

Европын холбоогоор жишээ татая. Өнгөрсөн зуунд Европын орнууд нэг нэгэнтэйгээ цус асгаруулан дайтаж байлаа. Харин дараа нь, Дэлхийн хоёрдугаар дайны дараа, нэгэнтээ эвлэрэшгүй дайснууд гэж санагдахаар байсан Франц, Герман улс тус тусдаа эрх ашгаа бодсноос нэгдэн нийтлэг эрх ашгаа  бодвол илүү ашигтай гэж үзсэн. Ингэж л Европын холбоо үүссэн юм. Үүний ачаар ХХ зууны сүүл хагасаас эхлэн өнөөг хүртэл энэ холбооны гишүүн орнууд нэгэнтэйгээ дайтсангүй, иргэдийнхээ цусыг ч урсгасангүй.

-Зөвхөн буддистууд төдийгүй буддын шашныг шүтдэггүй олон хүн таныг мэргэн багш хэмээн үзэж, хойд дүрээ үлдээн мөнхөд амьдраасай гэж хүсдэг. Ийм байх боломжтой юу? Тийм бол яаж?

-Далай ламын институт цаашид оршин тогтнох эсэх асуудлыг Төвдийн буддизм дэлгэрсэн улс орнуудын ард түмэн л шийдэх хэрэг. Тэр дундаа Орос, Монгол, Төвд, Хималай бүсийн ард түмнүүд шийдэх ёстой.

Далай гэдэг нэр нь монгол үг. Энэ цолыг гуравдугаар Далай лам Монголд очих үедээ авсан юм. Миний нэрнээс “Далай лам” гэдэг үгийг хасчихвал би гарын үсгээ зурж чадахгүй. Учир нь би “Далай лам” гэдэг гарын үсэгтэй юм \инээв\

Хүмүүсийн надад хандаж буй хандлага Далай лам, төвдүүдэд, оросуудад ч тустай. Оросоос олон лам нар ирж Төвдийн хийдүүдэд шавилан сууж, сайн багш, философич болсон.

Хэтдээ, би амьдрах эсэхээс үл хамааран энэ уялдаа холбоо оршсоор л байх болно. Манай хийдүүдэд Монгол болон Оросын буддист бүс нутгуудаас ирсэн хэдэн зуун шавь нар байдаг. Тиймээс холбоо тасрахгүй, шинэ үе гараад л ирнэ.

-Та шинэ үеийнхэндээ ямар сургааль айлдах вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн, төрөл бүрийн шашны болон философийн урсгалуудаас хамгийн орчин үеийн, мөн шинжлэх ухаанч нь Наланда хийд-их сургуулийн уламжлал юм. Уламжлалт буддын шашинтнуудад хамаардаг хүмүүс түүнийг нэн тэргүүнд гүн гүнзгий судлах ёстой.

Түүнээс гадна, оросуудын дунд, тэр дундаа Москвагийн их сургуулийн эрдэмтдийн дундаас Наландагийн уламжлалыг оюун ухааны шинжлэх ухаан гэдгээр нь сонирхох хүмүүс их гарах болсон. Энэ бол найдлага төрүүлж байгаа дохио. Учир нь Орос бол том гүрэн, Европ Азийг холбосон гүүр, тиймдээ ч сэтгэлийн амар амгалан чухлын тухай үзэл санааг дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж чадна.

Зөвхөн сүсэглэн, мөргөж залбираад сэтгэлийн амар амгаланд хүрч чадахгүй. Уур бухимдал бол сүйтгэх сэтгэл хөдлөл харин нигүүсэл бол бүтээгч гэдгийг ухамсарлах ёстой. Сэтгэлгээ хязгаарлагдсны дүнд бухимдал төрдөг, харин нигүүсэл нь юмсыг өргөн цар хүрээтэй, алсын хараатай харах чадвар гэдгийг ойлгох нь нэн чухал.

-Харин аз жаргалд үндэс бий юу, ер нь аз жаргал гэж юу вэ? Хэрхэн аз жаргалтай болох вэ?

-Аз жаргал гэдэг бол ихээхэн нухацтай сэдэв. Барууны ертөнцөд боловсрол бүхэлдээ материаллаг үнэт зүйлстэй болоход чиглэгдсэн байдаг. Материаллаг үнэт зүйлс бидэнд зөвхөн мэдрэмжийн таашаал өгч чадна.

Бидэнд сэтгэл татсан үзэгдэл таалагддаг, жишээ нь спортын тэмцээн уралдаан байна. Зарим спортын дэмжигчид дэмжиж буй баг нь ялвал ухаангүй баярладаг. Гэхдээ энд сэтгэлгээ ажиллахгүй байгаа, бүгд л мэдрэхүйн түвшинд явагдаж байгаа хэрэг. Түүнчлэн хүмүүс сайхан дуу сонсоод таашаал авдаг, дуу хөгжим сонсоод уйлдаг. Амттай хоол, тааламжтай үнэр, тэврэлт, янаглалаас таашаал авдаг. Ийм үед тэдний мэдэрч буй аз жаргалын мэдрэмж нь мэдрэхүй дээр үндэслэгдсэн байдаг юм.

1979 онд Москвад айлчлах үеэрээ би Зөвлөлтийн хэдэн эрдэмтэнтэй уулзаж байлаа. Буддизмд мэдрэхүйн эрхтнүүдтэй холбоотой таван төрлийн мэдрэхүй бий, харин зургаа дахь нь сэтгэхүй гэж би тэдэнд хэлсэн юм. Харин тэд энэ нь шашны матери гээд цаашид надтай энэ талаар ярилцахыг хүсээгүй. Мэдээж би тэдэнтэй маргаагүй л дээ, гэхдээ миний хувьд тэд хязгаарлагдмал үзэл бодолтой гэдэг нь илт байлаа.

Ингээд үзэхэд, жинхэнэ аз жаргал бол мэдрэхүйн эрхтнүүдээр дамжин мэдрэгдсэн мэдрэмж биш, харин сэтгэхүйн мэдрэмж юм. Мэдрэхүйн эрхтнүүдтэй холбоотой таагүй мэдрэмжийг та авч байгаа, гэхдээ  сэтгэхүйн түвшинд ажиллах тодорхой туршлагатай бол та сэтгэлийн амар амгалангаа хадгалж чадна. Тиймээс сэтгэхүйн ухамсар бол мэдрэхүйн эрхтнүүдтэй холбоотой ухамсрын төрлүүдээс хамгийн дээд нь юм.  Гэвч бид амьдралын материаллаг хэв маягтай тул мэдрэмжийн боол болдог.

-Энэ боолчлолоос гарах замыг та хэлж өгөхгүй юу?

-Энэтхэгт гурван мянга гаруй жилийн өмнө ухамсрын зургаа дахь төрлийн концепцийг боловсруулсан. Энэ бол бясалгал. Бясалгал хийснээр зургаа дахь ухамсрыг амар амгалан байдалд оруулдаг. Тиймээс би Энэтхэгийн соёл иргэншлийг илүүтэй хөгжсэн гэж үздэг юм.

VIII зуунд эдгээр эртний Энэтхэгийн ухаан Төвдөд ирсэн. Наланда сургуулиас Шантаракшита энэ мэдлэгийг авчирсан бөгөөд тэр үеэс хойш бид мянга гаруй жил өвлүүлэн үлдээж байна. Улмаар Монголд дэлгэрсэн.

Намайг Төвдөд амьдардаг байхад монгол гаралтай олон лам байдаг байлаа, тэд бүгд л хичээнгүйлэн суралцаж, үлгэр жишээ байдаг байв. Тэдний дунд сүм хийдийн жаягийг зөрчсөн нэг ч хүн байгаагүй. Жишээ нь Монгол гаралтай Лэгдэн агуу гүн ухаантай байлаа, тэрбээр Оросын хувьсгалын дараа Төвд рүү дүрвэсэн юм.  Ийнхүү дүрвэхдээ өдөр нь хонины нэхийн дор нуугдан, шөнө нь Төвдийг зорьж байсан гэж тэр надад ярьж байв. Тэр Лхаст ирж шавилан суун, 20-30 жилийн дараа шилдэг гүн ухаантнуудын нэг болсон. Тиймээс Төвд, Монгол, Оросын хооронд онцгой уялдаа холбоо бий.