ИНЖЕНЕР П.ЦЭВЭГМИД: Дарга нар сайхан зүйл ярьж уярааж байгаад жолоочдоос км тутамд  15 төгрөгийн хураамж авах гэж байна /ВИДЕО/

ИНЖЕНЕР П.ЦЭВЭГМИД: Дарга нар сайхан зүйл ярьж уярааж байгаад жолоочдоос км тутамд  15 төгрөгийн хураамж авах гэж байна /ВИДЕО/

“Түгжрэлийн сайд” Ж.Сүхбаатар бүтэн 20 хоногийн турш автомашиныг тэгш, сондгой дугаараар нь замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан. Энэ хязгаарлалтыг нийслэлчүүд дагаж, мөрдөж буй бөгөөд энэ сарын 15-ны өдөр /2023.09.15/ дуусна.

Уг шийдвэртэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд “Автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг үргэлжлүүлэх үү” гэх санал асуулга ч явах болсон. Цаашлаад холбогдох албаныхан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд замын нэгдүгээр эгнээг хашаалж автобус зорчуулна, бүх автомашинд чип суулгана зэрэг “мэргэн” санааг хэлэх болсон ч эцэстээ энэ бүхэн нь иргэдийг залхаах, эрхэнд нь халдах, халааснаас авдаг хэд гурвыг нэмэгдүүлэх л ажил гэдгийг мэргэжлийнхэн хэлж буй. Ерөөс Ж.Сүхбаатар сайдын Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар хийж буй ажил нь хэр зөв, оновчтой юм, яавал түгжрэл багасч иргэдийн бухимдал буурах талаар Замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер П.Цэвэгмидтэй ярилцлаа.

ҮЗЭХ: 

-ИРГЭД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ МӨРДӨХ ЁСГҮЙ-

-Нийслэлийн иргэд бүтэн хорь хоногийн туршид автомашины дугаарын хязгаарлалтыг мөрдөж байна. Ж.Сүхбаатар сайдын гаргасан энэхүү шийдвэр хэр зөв юм бэ. Хүний эрхийг зөрчсөн  шийдвэр гэж шүүмжлэх хүмүүс ч байна?

-Би 1987 онд хуучнаар Улсын авто техникийг шалган байцаах газар одоогийн Тээврийн цагдаагийн албанд Замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженерээр томилогдоод энэ албыг анх байгуулсан хүн. Өөрөөр хэлбэл, энэ миний бий болгож, үүсгэсэн алба. Би 1991 онд ажлаа өгөөд хувийн хэвшилд ажиллах болсон. Гэхдээ өөрийн эзэмшсэн мэргэжил, үүсгэсэн алба учраас хараад дуугүй сууж чаддаггүй, өөрийн боломжиндоо тулгуурлан нүүр хуудсандаа үзэл бодлоо илэрхийлдэг юм.

Дугаарын хязгаарлалтын тухай ярья. 1997 онд бидний нэгдэн орсон Венийн конвенцид зааснаар бол дугаарын хязгаарлалт байж болохгүй зүйл. Олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчихөөс гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж буй юм. Анх 2012 онд нийслэлийн Засаг даргын захирамж гарах үед би үүнийг эсэргүүцэж, сануулж байсан. Гэтэл тухайн үед Нийслэлийн Замын цагдаагийн даргаар ажиллаж байсан хурандаа н.Жаргалсайхан гэж хүн НИТХ-ын хуралд “Замын хөдөлгөөний ачааллыг 20 хувиар бууруулна” гэж хэлээд л захирамж гаргуулсан. Тэр үеэс л би “Дугаарын хязгаарлалт байж болохгүй” гэж ярьсаар байгаа. Би үүгээрээ хонх цохиж, шүгэл үлээж байгаа юм.

-Дугаарын хязгаарлалт байж болохгүй үндэслэлийг та тодорхой тайлбарлаж өгнө үү. Дээр дурдсанчлан олон улсын ямар гэрээ хэлэлцээр, манай улсын аль дүрэм журмыг зөрчиж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнийг зөвхөн замын хөдөлгөөний дүрмээр зохицуулах хуультай. Ямар нэгэн захирамж, тогтоолоор биш зөвхөн замын хөдөлгөөний дүрмээр зохицуулах хуультай. Энэ нь олон улсын өмнө бидний хүлээсэн үүрэг. Бүх оронд замын хөдөлгөөнийг зөвхөн замын хөдөлгөөний дүрмээр л зохицуулдаг. Нийслэлийн Засаг дарга замын хөдөлгөөнтэй холбоотой захирамж, тогтоол гаргадаг.

Гэхдээ гаргасан захирамж нь замын хөдөлгөөний дүрэм болж хувирах боломжтой байх ёстой. Дэлхийн бусад оронд ч байдаг л зүйл. Манай замын хөдөлгөөний дүрэмд ч энэ талаар дурдсан байдаг. Тодруулбал, “Заалт, шаардлагад үндэслэж гарна” гэж заасан байдаг. Энэ нөхдүүдийн хуульд шургуулсан заалт бий. Тухайлбал,  холбогдох хуулийн 9.5-д “Нийслэлийн Засаг дарга түгжрэл  арилгах зорилгоор хөдөлгөөн хязгаарлах эрхтэй” гэсэн заалтыг шургуулсан. Хязгаарлах эрхтэй гэснээс дугаараар хязгаарлана гэсэн үг тэр заалтад байхгүй. Мөн замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн гэсэн өгүүлбэр бий.

Тэгэхээр манай замын хөдөлгөөний дүрэмд хүнийг яс үндэс, шашин шүтлэг, иргэн харьяатаар нь ялгадаг заалт нэг ч байхгүй. Цаашлаад тээврийн хэрэгслийг эзэмшигчээр нь ялгадаг заалт нэг ч байхгүй. Мөн улсын дугаараар нь ялгадаг заалт замын хөдөлгөөний дүрэмд байхгүй.

Тэд нарт ийм эрх байх ч үгүй. Тиймээс би үүнийг эсэргүүцэж, хуулинд нийцэхгүй байгааг нь сануулдаг юм. Засаг даргад хязгаарлах эрх нь байлаа гэхэд тээврийн хэрэгслийг төрлөөр нь ангилж ялгаж хөдөлгөөнийг нь хязгаарлана. 

Дараагийн нэг асуудал нь замын хөдөлгөөний дүрэм болон хуулиар бол би жолооч гэдэг сүбьект. Сэтгүүлч та ч мөн жолоо барьж буй бол жолооч юм. Жолооч замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж хөдөлгөөнд оролцох үүрэгтэй. Тэр үүргийн зэрэгцээ бас нэг эрхтэй. Тодруулбал, хөдөлгөөнд оролцогч замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчино гэж заасан. Би энэ дүрмээ баримтлаад хөдөлгөөнд саадгүй оролцох эрхтэй жолооч хүн. Би энэ эрхээ Улаан-Үд, Эрхүү хотод эдэлдэг. Хэн ч надаас “Та Эрхүү хотын Засаг даргын захирамжийг мэдэх үү” гэж асуудаггүй. Учир нь тэд олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг болон хууль дүрмээ мэддэг албан хаагч. Улаанбаатар хот руу орж ирэхэд л “Нийслэл хотын Засаг даргын ийм захирамж зөрчлөө” гэж сануулдаг. Би мэдэхгүй. Би мэдэх үүрэггүй. Учир нь би жолооч. Энэ эрхийг Улаанбаатар хотод зорчиж буй гадны автомашины  жолооч нар л эдэлдэг. Бид бол эрхээ хаалгуулдаг. Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх талаар ярьж байна. Хэрхэвч болохгүй.

Хэдэн цагдаа нар саяын 14 хоногт илүү цагаар ажиллаад сунаж үхэх нь.  Хичнээн тангараг өргөсөн ч ажлын норм, цаг бий шүү дээ. Өвддөг, зовдог хүмүүс шүү дээ. Алба хаагчдаа хайрладаг байх хэрэгтэй. Миний хамгийн зэвүү хүрсэн юм юу гээч. Тэгш, сондгой дугаараар нь зорчуулах санаачлагыг Тээврийн цагдаагийн газраас гаргасан. Яасан албан хаагчдаа хайрладаггүй юм бэ. Хууль сахиулах байгууллага байж хууль зөрчих санаачлага гаргаж байна гэдэг бол буруу юм.

-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМД БАЙХГҮЙ ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ ГУДАМ ЗАМД БАЙРЛУУЛСНААРАА ЗАСГИЙН ГАЗРЫНХАА ЭРХЭНД ХАЛДАЖ БАЙГАА ЮМ. ИЙМ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ХҮН ОГЦРОХ ЁСТОЙ-

-Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг тогтоохдоо хэр зөв ажилласан гэж та харж байгаа вэ?

-Дугаарын хязгаарлалт гэсэн нэг тэмдэг тавьчихаж. Дэлхийд замын тэмдгийн хоёр систем байдаг юм. Англи, Америк ба Дүрслэлийн систем гэж. Венийн конвенцид нэгдсэн орнууд Дүрслэлийн системийг хэрэглэдэг. Энэ конвенцид 100 гаруй улс нэгдсэн. Эдгээр улсад яг л ижилхэн дүрслэл байдаг. Аль ч улсад нь  очсон тэр тэмдэглэгээг хараад мэднэ. Харин Монголд ирсэн гадны жолоочид дугаарын хязгаарлалтын дүрсийг хараад ойлгохгүй шүү дээ.

Замын хөдөлгөөний дүрмийг зохицуулах үүрэгтэй юм бол дүрэмдээ “дугаарын хязгаарлалт” гэдэг тэмдгээ дүрсжүүлж оруулаад нэр томъёоны хэсэгт нь оруулсан байх ёстой. Ийм үүргийг олон улсын конвенциор хүлээсэн. Бас л замын тэмдэг, тэмдэглэгээ стандартад “дугаарын хязгаарлалт” гэдэг тэмдэглэгээг шургуулчихсан. Тэгээд үүнийгээ гудам замд тавьчихсан. Стандартыг биелүүлэх үүрэгтэй сүбьект нь жолооч биш Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн автозамын газар юм.

Эд нар замын хөдөлгөөний дүрэмд байхгүй тэмдгийг гудам замд байрлуулснаараа Засгийн газрынхаа бүрэн эрхэнд халдаж байна. Засгийн газрын эдлээгүй эрхийг эд нар эдэлж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан. Замын хөдөлгөөний дүрэмд энэ тэмдгийг оруулах ёстой. Манайхаас өөр улсад ийм үйлдэл гаргасан хүн албан тушаалаасаа огцорчихсон байгаа.

Гэтэл эд нар дүрэмд байхгүй тэмдэг гаргаж ирээд хот тойруулаад хатгачихсан байна. Тэгээд түүнээс нь цааш нэвтэрсэн жолоочийг Зөрчлийн хуулиар торгож байна.

-ЯАЖ ЗАМБАРААГҮЙ, ТҮГЖРЭЛТЭЙ ХОТ БОЛГОХ ВЭ ГЭЖ АЖИЛЛАСАН ХҮМҮҮСИЙН ГАРЫН ҮСГИЙН БАЛГИЙГ ЯАГААД АРИЛГАХГҮЙ БАЙГАА ЮМ -

-Бас нэг ноцтой асуудал нь түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд бүх машинд цахим гэрчилгээ суулгана гэж танилцуулсан. Энэ нь жолооч нараас төлбөр авах арга юм уу гэж хардаж байгаа. Та тэр талаар юу гэж бодож байгаа вэ?

-Бүх машинуудыг цахим гэрчилгээтэй болгоно гэсэн.. Яг үнэндээ цахим гав шүү дээ. Цахим гэрчилгээ гэж юм машины цонхонд наагаад км тутамд нь 15 төгрөг авах ажлыг хийхээр бэлтгэж байна. Үүнийгээ тайлбарлахдаа “Автомашиныг тоолж бүртгэлжүүлнэ. Түгжрэлийг 30 хүртэл хувиар буурна. Үр дүнд нь зөв шийдвэр гаргана. Бид зогсоолыг чинь олж өгнө” гэх мэтээр уярааж байна.  Бид зам ашигласны, утааны, автомашины татвараа төлчхөөд нэмээд км тутамд нь 15 төгрөг төлөх нь. Дэлхийн аль ч хотод ийм төлбөр авдаггүй шүү дээ. Машины хураамжийг нэмэгдүүлчихвэл таксины үнэ нэмэгдээд 2500 төгрөг болно. Барааны үнэ л нэмэгдэнэ. Өөрөөр өөрчлөлт гарахгүй.

-Түгжрэл бууруулахаар хэрэгжүүлсэн ажлуудаас үр дүнгээ өгсөн нь цөөн. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд Яармагийн замын нэгдүгээр эгнээг хашаалаад зөвхөн автобус явуулж байна. Гэтэл хашааны нөгөө талд байх зорчих урсгалын ачаалал нэмэгдээд түгжрэл ихсэж байна?

-Нийтийн тээвэрт эгнээ чөлөөлдөг хамгийн анхны практик АНУ –д 1940 онд гарсан. Энэ зөв шийдвэр үү гэвэл зөв. Хүмүүсийг нийтийн тээврээр үйлчлүүлдэг болгоход нөлөөлөх шийдвэр мөн үү мөн. Гэхдээ үүнийг яаж хэрэгжүүлэх вэ. Шийдвэр гаргахдаа юунд үндэслэсэн юм. Манай Хотын дарга “Чингисийн өргөн чөлөө, Тасганы овоо, Долоон буудал, Наадамчдын гудамжны замын нэгдүгээр эгнээг чөлөөлж автобус зорчуулна” гэж хэлсэн. Юунд үндэслэсэн юм. 2012 оноос хойш хэрэгжүүлсэн Энхтайваны өргөн чөлөөнд гэхэд уг шийдвэрээ сайн хэрэгжүүлж чадахгүй байгаа биз дээ. Аргаа барахдаа малын хашаа шиг хашаа байрлуулсан. Яармагийн замд 950 сая төгрөгөөр хашаа хатгасан гэнэ. Хайран юм. Одоо нэмж тэмдэг, камер тавих зардал нэмэгдэнэ. Зүгээр л үрэлгэн зардал. Ганц тэмдэг тэмдэглэгээгээр зохицуулчих ажил. Нэгдүгээр эгнээ чөлөөлөх шийдвэр Энхтайваны өргөн чөлөөнд яагаад хэрэгжихгүй байгаа юм. Учир нь тодорхой техникийн нөхцөл, инженерийн шийдэл шаарддаг ажил юм. Хэрвээ эд нар яг техникийн шийдлээр нь хийчихсэн бол өнөөдөр хэл амгүй байх ёстой. Гэтэл хэл ам арилсан уу гэвэл үгүй. Нэгдүгээр эгнээг чөлөөлөхдөө тухайн зам гурав ба түүнээс дээш эгнээтэй байгааг харах ёстой. Тухайн замаар нэг цагт 100 ба түүнээс дээш автобус явж байвал эгнээ чөлөөлж өгөх ёстой. Мөн бусад хоёр хөдөлгөөний эгнээний ачаалалтай холбоотой техникийн заалт байх ёстой. Гэтэл энэ бүх заалт хэрэгжихгүй байна шүү дээ. Эд нар нийслэлийн иргэдийг залхаалт руу түлхэж байна. Түгжрүүлж залхаагаад машиныг нь тавиулах арга руу шилжиж байна.

-ТАВАН ШАРААС-БАГШИЙН ДЭЭД ХҮРТЭЛ 23 ГЭРЭЛ ДОХИО БАЙХАД ЯАЖ ТҮГЖРЭЛ БУУРАХ ЮМ. ГЭРЭЛ ДОХИО БИЗНЕС УЧРААС ТЭНД БАЙРШУУЛААД БАЙНА ШҮҮ ДЭЭ-

-Одоо яах ёстой юм бэ?

-Ядаж түгжрэлийнхээ шалтгааныг олох ёстой.

-Шалтгаан нь юу юм бэ?

-Гарын үсэг. 1990-2008 оны хугацаанд зурсан гарын үсгийг гаргаад ирэхэд Улаанбаатарын хотын түгжрэлийн шалтгаан ил болно. Гудам замын үндсэн дүрмийг яаж алдагдуулах уу, яаж замбараагүй болгох уу, яаж ойлгомжгүй болгох уу гэдэг ажлыг л энэ онуудад хийсэн. Тэгэхээр гарын үсэгнүүдийн балгийг арилгаж, алдааг засахгүйгээр хэдэн их наядыг зарцуулаад ч түгжрэл буурахгүй. Яагаад алдаатай байгаа замын элементүүдийг байлгаад байгаа юм. Яагаад засахгүй байгаа юм.

Манайх шиг 1.6 сая хүн амтай хотод түгжрэлийн зовлон байх ёсгүй. 30, 40 сая хүн амтай хотын шийдлүүдийг авчирч ирээд хэрэгжүүлэх гэдэг. Түүндээ хэдэн их наядаар хөрөнгө зардаг. Үр дүнд нь тэгш, сондгой дугаараар хязгаарлах л байгаа биз дээ. Хамгийн амархнаар нь бид нарын эрхэнд л халдаж байна шүү дээ.

Бид түгжрэлийг хэт томруулаад байна. Засгийн газар нь ороод сайд томилоод, хөрөнгө гаргаад, Ерөнхий сайд нь дэмжээд, үндэсний хороо байгуулаад үр дүн нь тэгш, сондгой л байна шүү дээ. Үүнд мэргэжлийн чиглэлийн ажил явсангүй. Өнгөрсөн хугацаанд хоёр зөв шийдвэрийг гаргасан гэж би хэлнэ. Тэр нь Энхтайваны өргөн чөлөөнд зүүн эргэлтийг зогсоосон. Энэ зөв шийдвэр байсан. Хоёрдугаарт, Яармагийн нүхэн гарцыг барих ажил. Одоо хүртэл ашиглалтад оруулж чадаагүй ч зөв ажил. Өөр зөв шийдвэр гаргаагүй. Цаашлаад замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулах ажилд зарцуулсан мөнгөндөө аудит хийхгүй бол энэ их мөнгө хаашаа ороод байна.

Түгжрэл хаанаас үүсч буй ганцхан жишээ хэлье. Таван шараас Улсын багшийн их сургууль хүртэлх найман км замд 23 гэр дохио. 300 метр яваад зогсохоор түгжрэхгүй яах юм. Гэтэл гэрэл дохио нь бизнес юм.

Бизнес хийсний л үр дүн шүү дээ. Түгжрэлийнхээ шалтгааныг олж оношоо зөв тогтоох замын хөдөлгөөний зохион байгуулалтыг хийх ёстой. Ингэж чадвал иргэд машин унах эсэхээ өөрсдөө шийднэ. Тэр үед иргэд сайн дураараа автобусаар үйлчлүүлнэ. Том хотуудад машин унаад ажлаа амжуулах боломжгүй. Нэг талаас нь гараад нөгөө талд нь хүртэл замын хөдөлгөөнд хөөгддөг биз дээ. Нөгөөтэйгүүр, манайд замын хөдөлгөөний дүрэм биелүүлдэг хүнгүй болсон. Бүгд дүрэм зөрчдөг. Түүнд нь замын цагдаа нарынх нь нүд дасчихсан. Манай цагдаа нар улсын дугаар л хардаг болсон байна шүү дээ. Эсвэл салхины шил нэвт харж бүс зүүсэн эсэхийг л хардаг болж. Түүнээс явган хүний гарц дээр зогсож байна уу, зогсдоггүй газар зогсож байгаа эсэхийг шалгахгүй. Манай жолооч нар дүрэм мэдэхгүй гэвэл маш сайн мэддэг. Хил гараад л маш мундаг дүрэм биелүүлнэ. Тэгэхээр асуудал жолоочид биш байна. Замын хөдөлгөөний дүрмийн биелэлтэд хатуу дэг журам тогтоох нь бас нэг ажил. 

-Ярилцсанд баярлалаа.