Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдийг залилан мэхэлж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдийг залилан мэхэлж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо “Хангарьд” хотхонд “Pokerrr” гэх нэртэй аппликейшн “Хөх тэнгэр” клубийн “Н”, “Т”, “М” нарын 3 этгээд,  тус дүүргийн 8 дугаар хороо “Шинэ Яармаг” хороололд “Huh tenggis2 plo” нэртэй клубийн “А”, “Х”, “А”, “Б”, “Т” нарын 5 этгээд тус, тус хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүлэн шалгаж эхэллээ.

Урьдчилсан байдлаар тухайн этгээдүүд нь нэр бүхий банкны данс ашиглан хууль бус мөнгөө авч, мөрийтэй тоглоомын аппликейшн, сайт нээж хэд хэдэн аккаунтаар нэг тоглогчтой бооцоот тоглоом зохион байгуулж, иргэдийг залилан мэхэлж байгаа нь тогтоогдож байна.

Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин зэрэг үнэт эд зүйлүүдээ алдах, цаашлаад сэтгэл санаагаар унаж мөнгө олох зорилгоор өөр төрлийн гэмт хэрэг үйлдэх, гэр бүл салах, амиа хорлох эрсдэл үүссээр байна.

Иймд цахим мөрийтэй тоглоомд мөнгө, эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас удаа дараа анхааруулж байгааг хүлээн авч, танил нөхөд, ойр дотно хүмүүстээ хэлж ойлгуулж, аливаа эрсдэлээс сэргийлнэ үү.