Ц.Даваацэрэн “Ачит ихт” компанитай хууль ёсны гэрээ байгуулсан нь тогтоогдож, давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Ц.Даваацэрэн “Ачит ихт” компанитай хууль ёсны гэрээ байгуулсан нь тогтоогдож, давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Орхон аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болж, өнгөрсөн пүрэв гарагт шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. 

Тус шүүх "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Ц.Даваацэрэнд анхан шатны шүүхээс оноосон 6.9 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж шийдвэрлэв.

-БУЦААН ТӨЛӨГДСӨН ЗЭЭЛИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖИХ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦСОН НЬ ХЭРГИЙН БОДИТ БАЙДАЛД НИЙЦЭЭГҮЙ, ҮНДЭСЛЭЛГҮЙ БОЛЖЭЭ-

Тодруулбал, Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ "Нийслэлийн прокуророос Ц.Даваацэрэн нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна.

Учир нь шүүгдэгч нар дээрх гэмт хэргүүдийг урьдчилан үгсэн тохиролцож, үйлдсэн гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна гэж шүүх үзжээ.

Мөн анхан шатны шүүх зээлийг буцаан төлсөн баримтыг нотлох баримтаар тооцоогүй нь үндэслэлгүй бөгөөд буцаан төлөгдсөн зээлийг Эрүүгийн хуульд заасан үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй болжээ гэж үзээд мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн хэрэгт холбогдуулсныг хэрэгсэхгүй болгосон аж.

-Ц.ДАВААЦЭРЭНГ "АЧИТ ИХТ" КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХДАА ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛААГҮЙ ГЭЖ ШҮҮХ ДҮГНЭЭД ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ-

Мөн давж заалдах шатны шүүх “Ачит Ихт ХХК-тай холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Тодотговол, “Ачит Ихт” компанитай хамтран ажиллах тухай гэрээнд гаргасан төлөөлөн удирдах зөвлөлийн Орос талын шинжээчдийн бүлгийн дүгнэлт, уг дүгнэлтэд гаргасан тайлбар хавсралт 4 зэргийн орчуулга, "Ачит Ихт" компанитай байгуулсан 2010 оны гэрээний хэрэгжилтийг дүгнэх, тус компанийн барьсан гидрометаллургийн үйлдвэрийн ТЭЗҮ-д Үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хамтран ажиллах талаарх санал боловсруулах зорилгоор ажилласан Ажлын хэсгийн дүгнэлтүүдийг шүүх шинжлэх судалж үзэхэд Совет-оос “Ачит Ихт” компанийн 34 хувийг эзэмшихийг Ерөнхий захиралд олгоогүй. Мөн энэ хоёр дүгнэлтээр “Ачит Ихт” компанийн орлогын 0.5-хувь хүртэл ашиг авахыг зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хавтаст хэрэгт авагдан нотлох баримтуудаар Ц.Даваацэрэн нь "Ачит Ихт" компанитай байгуулсан дээрх гэрээг байгуулахад Совет-оос заавал зөвшөөрөл авч, гэрээ байгуулах ёстой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй аж.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар дээрх ашиг авах тухай гэрээг байгуулах эрх хэмжээ тухайн үеийн "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд хуулиар олгогдсон байна гэж  шүүх бүрэлдэхүүн үзжээ.

Түүнчлэн "Ачит Ихт" компани ирээдүйд ашиг олох эсэх нь тодорхойгүй, санхүүгийн эрсдэлд орж болзошгүй, бусад компанитай гэрээ байгуулсан нь эрсдэлд орж байсан зэргээс шалтгаалж, Ажлын хэсгийн дүгнэлт болон шинжээчдийн бүлгийн дүгнэлт, советын зөвлөснөөр 34 хувь авах, эзэмших гэрээ байгуулаагүй нь ямарваа нэгэн хөрөнгийн эрсдэл хүлээхгүйгээр тухайн компаниас "Эрдэнэт үйлдвэр" хоёрдугаар овоолгыг ашиглуулсны хариуд гэрээ байгуулж хувь авсан гэх шүүгдэгч Ц.Даваацэрэнгийн өгч байгаа мэдүүлгийг няцаах үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн байна.

Тиймээс шүүгдэгч Ц.Даваацэрэнг "Ачит Ихт" компанитай 2015 оны зургаадугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн, урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлгүй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн аж.

Харин “Медипас” компанитай холбоотой үйлдэлд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж Давж заалдах шатны шүүх үзээд шүүгдэгчийн эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг гурван жил хасах ял шийтгэсэн байна.

Ташрамд өгүүлэхэд, "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэн нь "Ачит Ихт" компанитай 2015 онд хамтран ажиллах гэрээг байгуулахдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бүх хэлтсээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, улмаар тухайн Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг үндэслэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэгдүгээр орлогч, Оросын иргэн И.В.Ройгийн боловсруулсан гэрээний төслийн дагуу хамтын шийдвэр гаргаж, “Ачит Ихт” ХХК-тай 2015 онд гэрээ байгуулсан байдаг юм. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсүүд “Ачит ихт”-ийн төсөл “эрсдэлтэй” гэсэн үзсэн тул ажлын хэсэг “ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан ажиллах нь зүйтэй гэж дүгнэжээ




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө