“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчинд тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдав

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчинд тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдав

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 2013 оноос эхлэн жил бүр Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ удаагийн хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдаж буй асуудал” сэдвээр 2023 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд бүс нутгийн аюулгүй байдлын орчинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх зорилтын хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Хурлын үйл ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, ҮАБЗ-ийн ажлын алба, Гадаад харилцааны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Монголын дипломатын академи, ОХУ, БНХАУ, Япон Улс, БНСУ-ын зочин илтгэгчид, Монгол Улсад суугаа гадаад улсуудын батлан хамгаалахын атташе нар оролцлоо.

Хурлын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай баяр хүргэж, үг хэлэхдээ: “ ... аюулгүй байдлын орчинд нөлөөлж байгаа сорилт бэрхшээлийг даван туулахад бүс нутгийн улс орнууд хамтран ажиллах арга замыг тодорхойлох нь чухал байгааг онцлон энэхүү хурлын арга хэмжээ бүс нутгийн улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгов.Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид өөрсдийн үзэл бодол, оюун ухаанаа уралдуулж Зүүн хойд Азийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, уг асуудлыг шийдвэрлэх арга зам, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагын талаар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.