БАРИМТ: Х.Нямбаатар иргэдийн газрыг хүчээр авч, эсэргүүцвэл өөрсдийнх нь байгуулсан зөвлөл шийдвэрлэдэг байх хуулийн төсөл боловсруулжээ

БАРИМТ: Х.Нямбаатар иргэдийн газрыг хүчээр авч, эсэргүүцвэл өөрсдийнх нь байгуулсан зөвлөл шийдвэрлэдэг байх хуулийн төсөл боловсруулжээ

ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар Нийслэлийн Засаг даргаар томилогдсон даруйдаа буюу өнгөрсөн долоо хоног /2023.10.18/-ийн Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг танилцуулсан.

Тэрбээр энэ талаараа мэдээлэл хийж, улмаар сэтгүүлч Т.Шинэбаяр, шинэ хотын дарга нарын дунд багагүй маргаан өрнөсөн нь олны анхаарлыг татсан билээ. Тухайн үед сэтгүүлч "Иргэдийн эрхэнд халдах гэж байгаа талаар нь асуусан асуултад хариулт өгсөнгүй" хэмээн бухимдлаа илэрхийлсэн байдаг. Үүнийг олон нийт хэн хэнийх нь буруу. Х.Нямбаатар нийслэлчүүдийг төлөөлж буй албан тушаалтан атлаа нийтийн эрх ашгийг хөндсөн, иргэдийн мэдэх эрхийн хүрээнд асуусан сэтгүүлчийн асуултад хариулт өгөхгүй байсан нь ёс зүйгүй үйлдэл. Харин сэтгүүлч Т.Шинэбаярыг бусдын биед хүрч, дайрч доромжилсон нь алдаа байсан гэх зэргээр дэнсэлсэн байдаг. 

-30 ДУГААР ИХ ХУРЛААРАА “ХҮНИЙ ЭРХ”-ИЙГ ДЭЭДЭЛСЭН НИЙГМИЙГ ЦОГЦЛООНО ГЭСЭН МАН ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН ХУУЛЬ БАТЛАХ НЬ-

Тэгвэл шуугиан дагуулж, танилцуулсан Хотын дарга Х.Нямбаатарын хуулийн төсөлд иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн заалт оржээ. Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд "Нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд үлдсэн 35 хувьд хамаарах айл өрх, аж ахуйн нэгжүүдийн газар чөлөөлтийг албадан гүйцэтгэх"-ээр заажээ.

Нарийвчилбал, тус хуулийн 14.5 дахь хэсэгт "Газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахад тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн 65-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байна" гэж заасан байна.

Товчхондоо, "Дийлэнх иргэд дэмжсэн. Газраа чөлөөлөх эсэх таны шийдвэрээс үл хамаарч газрыг тань улс  хүчээр булааж авна" гэсэн үг.

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл

Гэтэл энэ нь Үндсэн хуулиар олгосон иргэдийн өмчтэй байх эрхэнд шууд халдаж буй үйлдэл юм. Нөгөөтээгүүр эрх баригч МАН 30 дугаар Их хурлаараа “Хүний эрх”-ийг дээдэлсэн нийгмийг цогцлоох, хууль эрхзүйн орчныг цаг үеийн шаардлагад нийцүүлэх, шинэчлэх шаардлагатай" гэж үзсэн байдаг. Тэгвэл бодит амьдрал дээр энэ мэт хуулийн төсөл боловсруулж удахгүй батлах гэж байгаа нь МАН энэ мэтээр хүний эрхийг дээдэлсээр байх уу гэх асуултыг хариултгүй үлдээж байна. 

-АВТО ЗОГСООЛ, ДҮҮЖИН ТЭЭВЭР ЗЭРЭГ БҮХ ТОХИОЛДОЛД НӨЛӨӨЛЛИЙН БҮСЭД ОРСОН БОЛ ГАЗРЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛӨХ АЖ-

Олон улсын жишиг практикт гурван тохиолдолд л газрыг хүчээр албадан чөлөөлдөг байна.

Тодруулбал:

  1. Бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болохуйц тохиолдолд, 
  2. Аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор
  3. Инженерийн төвийн шугам тухайн газраар дайран өнгөрөх гэсэн тохиолдолд л газрыг албадан, хүчээр чөлөөлөхийг зөвшөөрдөг аж.  

Гэтэл Х.Нямбаатарын удахгүй өргөн барих хуулийн төсөлд иргэдийн газрыг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ, нийтийн тээвэр, дүүжин тээвэр, нийтийн номын сан, соёлын байгууллага, спортын байгууламж, эрчим хүч, дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, явган болон дугуй зам, авто зогсоол, дүүжин тээвэр, гэр хорооллыг орон сууцжуулах, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар албадан чөлөөлнө гэдгийг хуульд тусгажээ.

Үүнээс үзэхэд Х.Нямбаатар ямар ч тохиолдолд нийслэлчүүдийн газрыг бусад чинь зөвшөөрсөн гэх үгээр халхавч хийж, хүчээр албадан чөлөөлөх нь байна. Ингэхдээ газар чөлөөлөх шийдвэрийг өөрөө буюу нийслэлийн Засаг дарга гаргана гэдгийг тус хуулийн төслийн 14.6 дугаар зүйлд заасан байх аж. 

-ИРГЭДИЙН ГАЗРЫГ ХҮЧЭЭР АЛБАДАН ЧӨЛӨӨЛӨХТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛ ГЭГЧ ШИЙДВЭРЛЭНЭ-

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл

Үүгээр зогсохгүй Хотын дарга Х.Нямбаатар ийнхүү иргэдийн газрыг хүчээр албадан чөлөөлөх асуудлаа шийдвэрлэх 9 хүний бүрэлдэхүүнтэй маргаан таслах зөвлөл гэгчийг ажиллуулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой болон газар чөлөөлөх, газрын төлбөртэй холбоотой маргааныг тус зөвлөл нь хянан шийдвэрлэдэг байхаар хуулийн төсөлд тусгасан байна. 

Мөн "Маргаан таслах зөвлөл маргаанд оролцогч талуудаас нотлох баримт шаардах эрхтэй бөгөөд нотлох баримт ирүүлээгүй бол ирүүлсэн нотлох баримтын хүрээнд гомдлыг хянан дүгнэнэ" гэдгийг тодотгожээ. 

Эцэст нь өгүүлэхэд, сар хүрэхгүй хугацааны өмнө Хотын даргаар томилогдсон Х.Нямбаатар иргэдийн эрхэнд халдаж, иргэдийн газрыг хүчээр, албадан булаах, түүнийг нь эсэргүүцсэн иргэдийн асуудлыг Маргаан таслах зөвлөл гэгчээрээ шийдвэрлэдэг байх "анхдагч" гэх тодотголтой хуулийн төсөл боловсруулсан нь анхаарал татах сэдэв болж байна. 

Үргэлжлэл бий ...