Яруу найрагч Ц.Хулангийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Яруу найрагч Ц.Хулангийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.10.25/ нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн байранд болно. Тус шүүхэд өнөөдөр нийт дөрвөн шүүх хурал болохоос хамгийн төгсгөлд нь буюу дөрөв дэх хурлаар орох аж.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд /2023.07.25/ Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон билээ. Хэргийг сануулахад, Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Үүнээс хойш тасралтгүй ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаад, анхан шатны шүүхээс 9.6 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.

19.4 дүгээр зүйл: Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах заалтад "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ. Тайлбар нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө" гэж заасан.