ВИДЕО: Улаанбаатарт дэгдсэн газ шиг "Химийн үнэр" иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн эсэхийг судлах лабораторигүйн улмаас мухардалд оржээ

ВИДЕО: Улаанбаатарт дэгдсэн газ шиг "Химийн үнэр" иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн эсэхийг судлах лабораторигүйн улмаас мухардалд оржээ

Энэ сарын 12-13 /2023.10.12-13/-нд шилжих шөнө хаанаас, юу нь үл мэдэгдэх химийн үнэр Улаанбаатар хотод тархсан. Ингээд цагдаа болон мэргэжлийн байгууллагынхан хотын бараг бүх л траншейны нүхийг сөхөж, шалгаж явсаар химийн үнэр юунаас гарсныг олж тогтоосон байдаг.

Тодруулбал, тус хэргийн эзэн нь Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай хаягдал тос, маслыгдахин боловруулж, дизель түлш гарган авах үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролиум” компани болохыг тогтоосон. Тодруулбал, “Эко стандарт петролиум” ХХК-ийн жолооч С.Лхагвабаяр гэгч нь үйлдвэрээсээ 10 тонн дахин боловсруулсан хаягдал масло ачиж, Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах бохирын худагт асгасан байсан гэдэг.

ВИДЕО:

Харин энэхүү хэрэг гараад даруй 20-оод хонож байгаа ч ахиж дэвшсэн зүйлгүй, иргэд эрүүл мэндээрээ хохироод үлдэх эрсдэл бий болсон тул энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлдлээ. Биднийг тухайн үйлдвэрийн газар дээр нь очиход мэргэжлийн байгууллагынхан холбогдох хяналт шалгалтаа хийж, лацдаж битүүмжлэн үйл ажиллагааг нь зогсоожээ. Мөн тухайн үйлдвэрийн ойр орчмоос газтай төстэй үнэр одоог хүртэл үнэртэй байлаа.

Тус компаниас өмнө нь “газ, угаарын хийтэй төстэй үнэр гараад байна” гэх иргэдийн гомдлын дагуу хоёр ч удаа цагдаагийн байгууллагаар шалгуулж, бүр үйлдвэрээ лацдуулж байсан гэнэ. Тухайн үед тус байгууллагын ерөнхий менежер Б.Наранцацрал гэх хүн, “Гарч байгаа үнэрийг хүмүүс газ ч юм уу, ямар нэгэн химийн хортой бодисны үнэр гараад байна гэж байгаа. Уг нь гарч байгаа үнэрт ямар нэгэн химийн хортой бодис байхгүй. Ажилласан маслыг халаахад түүнээс үнэр гардаг юм билээ. Бид нар анх ийм үнэр гарна гэж тооцоолоогүй” гэжээ.

Улмаар “Эко стандарт петролиум” ХХК-ийг Эрүүгийн хуулийн 20.11-д заасан “Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодис хаях” зүйл ангиар шалгаж байгаа. Харин бохирын худагт хүнд металийн агууламжийн шинжилгээ хийж үзсэн ч зөвшөөрөгдсөн хэмжээнээс ихгүй байна гэжээ. Улмаар  агаарт дэгдсэн үнэрт нарийвчилсан шинжилгээ хийх шаардлага тулгарсан боловч Монгол Улсад нарийн дүгнэлт гаргах лаборатори байхгүйн улмаас тус хэрэг шинжилгээний шатандаа хүрээд гацжээ. Өөрөөр хэлбэл тухайн үнэр иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлсөн, хортой юу хоргүй юу гэдгийг нарийн судлах боломжгүй болж мухардалд ороод байгаа аж.