Шинэ Хархорум хотыг 500 мянган хүнтэй байхаар төлөвлөжээ

Шинэ Хархорум хотыг 500 мянган хүнтэй байхаар төлөвлөжээ

“Шинэ Хархорум” төслийн үндэсний хорооны ээлжит хуралдааныг өчигдөр /2023.10.25/ зохион байгуулж, төлөвлөгөөг танилцуулжээ. 

Ирэх жил “Шинэ Хархорум” хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад 30 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Уг хотын бүтээн байгуулалтын үндэсний хороог Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахалж байна. Үндэсний хорооны дэргэдэх “Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг Улаанбаатар хотын ерөнхий архитекторын албыг хашиж байсан Н.Нацагдорж даргалж байгаа. “Шинэ Хархорум” хот Өвөрхангай, Архангай аймгийн 189 га газрыг хамрах бөгөөд ойролцоогоор 500 мянган хүнтэй байх аж. Үүнээс суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган хүний зам, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөсөн талаараа танилцуулав. Мөн тус хотыг байгуулах нийт талбай нь барилгажих бүрэн боломжтой. Ундны ус болон байгаль цаг уурын нөхцөл сайтай нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс ирэх жил хотын цөв цэг дэх хүндэтгэлийн хүрэл байгууламжийг барьж эхлэх юм.

Өвөрхангай аймгийн ИХТ өнгөрсөн наймдугаар сард хуралдаж өөрийнхөө аймагт хамаарч буй газрыг улсын тусгай хэрэгцээнд өгөхийг дэмжсэн. Харин Архангай аймгийн ИТХ өнөөдөр энэ асуудлаар хуралдаж байгаа аж.  “Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байхаар тусгасан байна.