Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Ингэхдээ нийт хэрэглээний 95 орчим хувийг ОХУ-аас Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар, Цагааннуур, Боршоо боомтуудаар авто замаар импортолж байна.
ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ оны есдүгээр сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар шатахууны экспортыг хориглох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсан билээ.
Улмаар Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ОХУ-аас манай улсад Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн юм. Гэвч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна.
Харин өнөөдөр буюу аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар 511 вагон хил, өртөө, боомт дээр зогсч байна. Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны ачилт, тээвэрлэлт, гааль, түгээлтийг шуурхай зохион байгуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих ажлыг шуурхай зохион байгуулах, хангамж тогтворжих хүртэлх хугацаанд уртасгасан цагаар хамтарч ажиллах дэмжлэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газарт хүргүүлээд байна" гэв.