Х.Бат-Ялалтыг 48 цагийн хугацаатай цагдан хорилоо

Х.Бат-Ялалтыг 48 цагийн хугацаатай цагдан хорилоо

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага (ТББ)-ын тэргүүн Х.Бат-Ялалт, ХҮН-ын гишүүн Д.Үүрцайх нар телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр маргалдаж, зодолдсон хэрэг гарсан. Улмаар тус хэргийг мөрдөн шалгаж байсан юм. 

Тэгвэл уг хэргээр түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Тодруулбал, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Парламент телевизийн “Аргумент хэлэлцүүлэг” нэвтрүүлэгт оролцох үеэр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нь Хөдөлмөрийн үндэсний намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Үүрцайхтай маргалдан, түүнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газраас 2023 оны дөрөвдүгээр сард иргэн Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т зааснаар яллагдагчаар татсан байна.

Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг иргэн Х.Бат-Ялалтад танилцуулахаар мөрдөгч, прокуророос удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар баривчлах саналыг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, түүнийг 48 цагийн хугацаатай баривчлаж шийдвэрлэсэн байна.