ШУУРХАЙ: Боловсролын сайд Л.Энх-Амгалан 21 аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргыг чөлөөлөх тушаал гаргаж, Засаг дарга нарт нь явуулжээ

ШУУРХАЙ: Боловсролын сайд Л.Энх-Амгалан 21 аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргыг чөлөөлөх тушаал гаргаж, Засаг дарга нарт нь явуулжээ

Боловсролын ерөнхий хууль өнгөрсөн долдугаар сард батлагдсан. Тухайн үед тус хуулийн төсөлд "Аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг сайд томилох" заалт оруулсан нь маргаан дагуулж байсан билээ.

Тодруулбал, Л.Энх-Амгалан сайд "Тус хуулийн гол шинэчлэл нь томилгооны эрхийг сайдад олгох" гэдгийг тайлбарлаж, "Хэрэв уг заалтыг оруулахгүй бол хуулийн төслөө татах болно" гэдгийг анхааруулсан байдаг. Харин УИХ-ын гишүүд "Боловсролын байгууллагын томилгоо улс төрөөс ангид байх ёстой" хэмээн шүүмжилж байсан юм. Гэсэн ч тус хуулийн төсөл сайдын хүссэнээр батлагдсан. Тодотговол, Боловсролын ерөнхий хуулийн 26.1.18 дахь хэсэгт "аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын шалгалтын дүнг үндэслэн томилж, хуульд заасны дагуу чөлөөлөх" гэжээ. Хуулийн ЭНД ДАРЖ уншина уу. Товчхондоо, Боловсролын ерөнхий хууль батлагдсанаар аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг БШУ-ны сайд томилж, чөлөөлдөг болсон юм. 

Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын Боловсролын газрын дарга нарыг чөлөөлөх тушаал гаргаж, улмаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлээд байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Харин аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарыг чөлөөлөх сайдын энэхүү тушаал нь Төрийн албаны тухай хуультай харшилж байгаа учир Засаг дарга нар шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Ямартай ч Боловсролын сайд Л.Энх-Амгалан хүссэн хуулиа батлуулж, тэрхүү хуулийн заалтаа барьж, аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарыг чөлөөлөх тушаал гаргаад байгаа юм байна.