"Хотын дарга асан Ц.Батбаярыг баривчилж, М.Энхболдоос мэдүүлэг авсан" гэж АТГ-аас мэдэгдлээ

"Хотын дарга асан Ц.Батбаярыг баривчилж, М.Энхболдоос мэдүүлэг авсан" гэж АТГ-аас мэдэгдлээ

АТГ-аас өнгөрсөн шөнө Хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр болон Нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбаяр нарыг авлига авсан гэх үндэслэлээр  48 цагийн хугацаатай баривчилсан гэх мэдээлэл гарсан. Мөн Хотын дарга асан М.Энхболдоос мэдүүлэг авсан гэж буй. 

Энэ талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, "Хотын дарга асан М.Энхболд газар олголттой холбоотой асуудлаар АТГ-т ирж мэдүүлэг өгсөн нь үнэн. Харин Хотын дарга асан Ц.Батбаярыг автобустай холбоотой асуудлаар баривчилсан. Цагдан хориогүй. Өмнө нь түүнд автобустай холбоотой асуудал байсан байж болзошгүй нөхцөл тогтоогдоод байгаа.  АТГ-аас газар олголт болон автобус худалдан авсан асуудлаар баримтыг нотлох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.

2008 оноос эхлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул уг асуудлыг хуулийн дагуу шалган шийдвэрлэх, уг үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтийг гаргаад байгаагаа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдсэн билээ.