Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гарагт болно

Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гарагт болно

Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх баасан гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

Тодруулбал, авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байхдаа гаднын улс орон руу оргон зайлаад байсан ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард эх оронд нь авчирч, улмаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч шүүгдэгч Т.Бадамжунай нь цус харваж, зүүн гар, хөл саажилттай болж, эмчилгээ хийлгэж байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байдаг. Улмаар шүүх тус хүсэлтийг хүлээн авч, хэргийг ирэх сарын 03-ны өдөр хүртэл хойшлуулсан юм. 

Ташрамд өгүүлэхэд, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнтэй хамт Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нар шүүгдэх юм.