Д.Тогтохсүрэн: Төлбөртэй бүстэй болсноор түгжрэлийг хэдэн хувиар бууруулах юм бэ

Д.Тогтохсүрэн: Төлбөртэй бүстэй болсноор түгжрэлийг хэдэн хувиар бууруулах юм бэ

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга Х.Нямбаатар УИХ-д өргөн барьсан. 

Тэгвэл яг одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Хуулийн төсөлд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгохоор тусгасан. Төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжийг хангах бэлтгэл ажлыг хийж байна хэмээн өмнө нь мэдээлж байв. Мөн тус хуульд нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд үлдсэн 35 хувьд хамаарах айл өрх, аж ахуйн нэгжүүдийн газар чөлөөлтийг албадан гүйцэтгэнэ гэж заасан байгаа билээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Түгжрэлийг машин, барилгууд нөлөөлж байна. Барилгын компаниуд 10 давхар барилга барих зөвшөөрөл авсан атлаа 20 давхрыг барьдаг. Энэ л түгжрэлийг бий болгоод байгаа юм. Харин төлбөртэй бүсийг бий болгосноороо түгжрэлийг аль хэмжээнд хүртэл бууруулах вэ. Сөрөг үр дагавар юу вэ. Одоо Монгол Улсад хоёр бүртгэл бий болох нь. Нэг нь, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн бүртгэл нөгөө нь нийслэлийн автотээвэр өөрөө явагч хэрэгслийн бүртгэл болон хоорондын үнэ татвар өөр, өөр болох нь гэж ойлголоо" гэлээ. 

Түүний асуултад Хотын дарга Х.Нямбаатар "Монгол Улсын хэмжээнд автомашины бүртгэл хоёр тусдаа болохгүй. Зөвхөн НИТХ-аас Улаанбаатар хотод автомашины дугаарын дээд хязгаарыг баталж өгнө. Бүртгэлийг одоогийнх шиг хийнэ. Нийслэл хотод байгаа автомашины дугаар шилжилттэй холбоотой журмыг мөн НИТХ тогтооно. Барилгын тухай хуульд өөрчлөлт орж дүрэм, журамд өөрчлөлт орж байгаа. 60/40 гэдэг харьцаатай болж байна. Нийт олгогдсон газрын 60 хувьд зам, барилга үлдсэн 40 хувьд нь ногоон байгууламж барина. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл дээрээ 60/40 харьцаатайгаар явуулна" гэлээ. 

ВИДЕО