ХУУЛИЙН ТӨСӨЛ: "Замын хөдөлгөөний төлбөртэй бүс"-ийн төлбөрийг нэг сарын хугацаанд төлөхгүй бол иргэнийг 50 мянга, хуулийн этгээдийг 500 мянгаар торгоно гэжээ

ХУУЛИЙН ТӨСӨЛ: "Замын хөдөлгөөний төлбөртэй бүс"-ийн төлбөрийг нэг сарын хугацаанд төлөхгүй бол иргэнийг 50 мянга, хуулийн этгээдийг 500 мянгаар торгоно гэжээ

Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл"-д иргэдийн газрыг хүчээр авч, эсэргүүцвэл өөрсдийнх нь байгуулсан зөвлөл шийдвэрлэдэг байх. Хотын төвөөр нэг удаа зорчихдоо 27,500 төгрөг төлж, хуучин автомашин импортолбол 98 сая хүртэл төгрөгийн татвар авдаг болох хуулийн төслийг боловсруулж, үүнийг нь УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. 

Тэгвэл тус хуулийн төсөлтэй хамт Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулжээ. Тус хуулийн төсөлд зааснаар торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зөвшөөрөлгүй нийтийн тээвэр болон такси үйлчилгээ эрхэлсэн бол торгох, "Замын хөдөлгөөний төлбөртэй бүс"-ийн төлбөрөө төлөөгүй иргэнийг 50 мянга, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно гэжээ. 

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл

Тодруулбал, тус хуулийн төсөлд "Хүн, хуулийн этгээд энэ хуулийн 6.30 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 11.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг, 14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдэж, торгох шийтгэлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй”, "Нийслэл хотын дүрэм зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байна. 

Мөн авто зогсоолын нэгдсэн удирдлагын цахим системд холбогдоогүй, стандартын шаардлага хангаагүй авто зогсоол ажиллуулсан бол зөрчлийг арилгуулж, хууль зөрчиж олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бол мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд журам зөрчиж мал нэвтрүүлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг  арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ. 

Түүнчлэн "Замын хөдөлгөөний төлбөртэй бүс"-ийн төлбөрийг хуульд заасан хугацаанд  төлөөгүй бол зөрчлийг арилгуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчлахаар болсон байна. Харин тус төлбөрийг нэг сарын хугацаанд төлөх ёстой гэдгийг хуульд тодотгож өгч, энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ. 

Товчхондоо, Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нар Улаанбаатарын түгжрэлийг бууруулахын тулд иргэдийн эрхийг хязгаарлаж, улмаар торгох арга хэмжээ авахаар хуульчилж байгаа аж.