Д.Мөнх-Эрдэнийг хүмүүжиж байсан хорих ангиас нь шилжүүлж, Улаанбаатар хотод байрлах хорих ангид авчирчээ

Д.Мөнх-Эрдэнийг хүмүүжиж байсан хорих ангиас нь шилжүүлж, Улаанбаатар хотод байрлах хорих ангид авчирчээ

Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэ бусдад зодуулсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл өнгөрсөн аравдугаар сарын 13-ны өдөр /2023.10.13/ гарсан. Тодруулбал, тус хорих ангид SWAT гэсэн бичигтэй хувцас өмссөн хүмүүс очиж, хоригдлуудыг дэглэж, бороохойдож, зодсон гэх мэдээлэл гарсан юм. 

Харин энэ талаар ШШГЕГ-аас "Хорих 413 дугаар ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийг SWAT-ынхан зодож, яргалсан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Д.Мөнх-Эрдэнийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй бөгөөд дээрх мэдээлэл бодит бус ташаа мэдээлэл. Прокурорын болон Хүний эрхийн байгууллага  хяналт тавин ажиллаж байна. Мөн ШШГЕГ-аас чиг үүргийнхээ хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулж ажилладаг" гэж мэдэгдсэн байдаг бол Хүний эрхийн үндэсний комиссоос /2023.10.26/ энэ талаар мэдээлэл хийж "Бид Д.Мөнх-Эрдэнийн биед хохирол учруулсан эсэхийг эмчийн бичиг, болон камерын бичлэг зэргийг татан авч хянаж үзсэн. Биднийг уулзахад тодорхой тайлбар мэдээлэл өгөөгүй. Би албан ёсоор бичгээр санал хүсэлтээ илэрхийлсэн. Биднийг тухайн хорих ангид ажиллаж байхад Д.Мөнх-Эрдэнийн биед илт мэдэгдэх шарх сорив үүсээгүй эрүүл байсан. Д.Мөнх-Эрдэнэ тус ангид ирснээсээ хойш артерийн даралт өндөр гэх шалтгаанаар эмчийн хяналтад байгаа юм байна. Мөн биднийг ажилладаг өдөр эхнэртэйгээ 72 цагийн эргэлт уулзалт авсан байдалтай байсан" гэсэн юм.

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийг хүмүүжиж байсан хорих ангиас нь шилжүүлж, Улаанбаатар хотод байрлах хорих ангид авчирсан гэх мэдээлэл байна.