ШУУРХАЙ: "Төв аймгийн Эрдэнэсант суманд цасан шуурганы улмаас таван эмэгтэй, нэг хүүхэд амиа алдсан" гэх эмгэнэл нийтлэгджээ

ШУУРХАЙ: "Төв аймгийн Эрдэнэсант суманд цасан шуурганы улмаас таван эмэгтэй, нэг хүүхэд амиа алдсан" гэх эмгэнэл нийтлэгджээ

Өнгөрсөн шөнө /2023.11.04-05/-ийн цасан шуурганаар Төв аймагт зургаан хүн амиа алджээ. Тэдний тав нь насанд хүрсэн эмэгтэйчүүд байсан бол нэг нь 11 настай хүүхэд байсан гэх албан бус мэдээлэл гараад байна. Харин энэ талаар ОБЕГ болон ЦЕГ-аас мэдээлэл хийгээгүй байна.

Тэгвэл "Эрдэнэсантын мэдээлэл" гэсэн хаягтай facebook хуудаст, "Тус сумын нутаг дэвсгэрт 2023 оны 11-р сарын 04-ны өдрийн өглөөний 04 цаг 42 минут орчмоос цас орж, цасан шуурга шуурч 11-р сарын 05-ны өдрийн шөнийн 02 цаг 34 минут хүртэл 22 цаг гаруй үргэлжлэн орж, салхины хурд 16-18 м/сек, хүйтний градус -9.3-17.3, нийт хурд тундасны хэмжээ 9.3 мм, цасны зузаан дунджаар 34 см хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж гамшгийн байдал үүссэн.

Цасан шуурганаар малаа дагаж яваад төөрсөн, нүүдэл хийж байгаад шуурганд уруудсан зэрэг дуудлагууд сумын онцгой комисс, ЗДТГазарт ирсэнээс таван малчин эмэгтэй, 1 хүүхэд байгаль эхийн хязгааргүй хүчинд автаж эх орон, элэг нэгт ахан дүүс, аав, ээж, ах, эгч, үр хүүхэд, хань ижил, нутгийн зон олон, анд найз биднийгээ орхин бурханы оронд үүрд одсон уйтай цаг бидэнд тохиогоод байна.  Тэднийхээ ар гэр, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье" гэсэн эмгэнэлийн мэдээлэл нийтлэгджээ. Иймд зарим иргэдийг байгалийн болзошгүй гашигт аюулд сэрэмжтэй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.