ТОМИЛОЛТ: Газар сэндийчилгүй, байгальд ээлтэй технологиор "Зөөвч-Овоо" ураны уурхайгаас 100 мянган тонн уран олборлоно /ВИДЕО/

ТОМИЛОЛТ: Газар сэндийчилгүй, байгальд ээлтэй технологиор "Зөөвч-Овоо" ураны уурхайгаас 100 мянган тонн уран олборлоно /ВИДЕО/

Дэлхийд үнэлэгдэх байгалийн ашигт малтмал, газрын ховор элементийн орд газар монголд буйг анх 2010 онд Францын эрдэмтэд нээн илрүүлжээ. Ийнхүү Франц болон Монгол Улсын найрамдалт харилцаа Мөнх хааны үеийн адилаар дахин цэцэглэж, Монгол улс гуравдагч хөршийн харилцаатай болж, дэлхийд тоогдох болов.

ВИДЕО:

Нөөцөөрөө дэлхийд эхний аравт тооцогдох ураны үйлдвэр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт сүндэрлэн босож байна. Ингээд бид тус үйлдвэрийг газар дээрээс нь сурвалжилж, уран олборлох үйл ажиллагаатай танилцсан юм.

“Зөөвч-Овоо” ураны үйлдвэрийн нөөцийг эхний байдлаар 100 мянган тонн гэж тооцсон бөгөөд 2028 оноос эхлэн 30 орчим жил газар дор ураныг уусгах аргааар олборлохоор төлөвлөсөн аж.  

Уурхай гэхээр л овоолсон шороо, хаягдал далан, маш их усны зарцуулалт гэж ойлгодог байсан үе хэдийнээ ард хоцорчээ. Энэхүү ураны үйлдвэр нь ил уурхайтай адил хаягдал далан, шороон овоолго үүсэхгүй, тэсэлгээ хийгдэхгүй бөгөөд уламжлалт уурхайгаас 2-5 дахин бага ус зарцуулж, хүнд машин механизмийн хэрэглэдэггүй гэдгийг энд тодотгон өгүүлье. 

- УРАН ОЛБОРЛОХДОО БИТҮҮ ЦИКЛ ХЭЛБЭРЭЭР АШИГЛАСАН УСАА ЦЭВЭРШҮҮЛЭЭД ДАХИН АШИГЛАНА -

Ингээд бид уран олборлох нарийн технологи болон байгальд үзүүлэх нөлөөллийг "Бадрах энержи" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Ганхуягаас тодрууллаа.

Тэрбээр, “Тусгай баяжуулсан уусмалаар газрын гүн дэх ураныг шүүх маягаар гарган авах бөгөөд гарч ирсэн уснаасаа ураныг ялган авч, цэвэршсэн усаа буцаан газрын гүн рүү шахна. Ийнхүү битүү цикл хэлбэрээр нэг л усаа эргэлдүүлээд байна гэсэн үг. Үүнийг л газар дор уусган олборлох технологои гэж нэрлээд байгаа юм. Мөн манай уурхайн газрын давхаргад дээр болон доороо зузаан шаварлаг давхар байгаа учир малчид уух, малаа ундаалах усанд ямар ч хор хөнөөл учрахгүй. Бас ил харагдах нүх, овоолго шороо байхгүй учраас байгальд ээлтэй, унаган төрхийг хэвээр хадгалж үлдэнэ” хэмээн онцлон хэллээ.

Ураны олборлолт гэхээр иргэдийн санаанд “Чернобиль”-тай ижил аюул санаанд нь бууж магадгүй юм. Иймд бид "Зөөвч-Овоо" уурхайгаас гарган авч буй ураны цацраг идэвхит бодисын хэмжээ, нөлөөллийг "Бадрах энержи" ХХК-ийн цацрагийн хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Б.Батманлайгаас асууж, ярилцлаа.

- МОНГОЛ БОЛОН ФРАНЦ ХООРОНДОХ ХОЁР УДААГИЙН НИСЛЭГЭЭС АВАХ БАЙГАЛИЙН ЦАЦРАГТАЙ ИЖИЛ ХЭМЖЭЭНИЙ ДҮН АЖИЛЧДААС ИЛЭРСЭН ГАРЧЭЭ -

Б.Батманлай, "Газар дор уусган олборлох энэ технологиор олборлосноор байгаль орчин болон мал амьтанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг бодитоор олж тогтоосон шинжлэн ухааны дүгнэлтүүд бий. Энэ бол Монгол Улсад шинээр эхэлж байгаа технологи. Тэгэхээр бид бусад улс орны жишээг дурдах нь зүйн хэрэг. Казахстан улсын тухайд яг энэ ГДУО аргаар уран олборлож байгаа.

Олборлолт явуулж байгаа хэсэг нь онгон зэрлэг байгалиараа үлддэг бөгөөд ойр орчимд нь мал амьтан бэлчсэн, манай оронтой ижил нөхцөлтэй байдаг.

Түүнчлэн үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд оролцож буй ажилчдаа цацраг идэвхит бодис шалгадаг багажаар байнгын шалгаж, хянаж ажилладаг. Тухайн хариуг Монгол улсад итгэмжлэгдсэн лабораторид хэмжүүлээд үр дүнг нь холбогдох тайланд хавсарган хүргүүлдэг. Энд олборлолт хийсэн 25 жилийн хугацаанд ямар нэгэн ажилтнаас авсан тун нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлт илрээгүй. Үүнийг жишиж яривал Улаанбаатар хотоос Парис руу хоёр удаагийн нислэг үйлдэхэд сансраас авах цацрагийн туяатай ижил хэмжээний тун авсан байна. Тэгэхээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс 9-10 дахин бага хэмжээний тунг манай хамгийн өндөр тунг авсан ажилчид авсан гэсэн үг” гэлээ.

Ийнхүү ураныг олборлох явц байгальд ээлтэй байхаас гадна гаргаж авсан бүтээгдэхүүн хүний болоод мал амьтны биед ямар нэгэн хор нөлөөгүй гэнэ. Иргэдийн хамгийн их айж буй зүйл энэ. Цацраг идэвхит бодис ямар аюул дагуулах вэ гэдэг асуудал. Иймд мэргэжилтнээс тайлбар авахаас гадна үйлдвэр дотор орж, хамтран хэмжилт хийж үзлээ. 

Бид цацрагийг ямар нэгэн байдлаар хараад юм уу үнэрлээд гараараа бариад хэд байгааг нь мэдрэх боломжгүй.

Тиймээс зориулалтын хэмждэг багаж ашиглан хэд байгааг хэмжих боломжтой байдаг гэнэ. Ийнхүү “Зөөвч-Овоо” ураны үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох амонидын уранид дээр цацрагийн хэмжилтийг хийж үзэхэд яг хажуу талд 6-7 микозиврт хэмжээ зааж байсан бол зайг холдуулж таван метр орчимд хүрэхэд 2-3 микрозиврт буюу байгальд байх энгийн хэмжээнд заасан юм. Дүгнээд хэлэхэд үйлдвэр дотор байгаа ажилчдад ямар нэгэн цацрагийн нөлөө байхгүй үед үйлдвэрийн гадаах, хашааны гадна байгаа хүн, малд ямар нэгэн нөлөө үзүүлэх боломжгүй гэсэн үг.

"Зөөвч-Овоо" ураны үйлдвэрээс гарган авч буй эцсийн бүтээгдэхүүн болох шар нунтаг

Ураны энэхүү туршилтын үйлдвэрээс гарган авч буй шар нунтаг нь 45 орчим хувийн чийгшилтэй, 40 орчим хувийн ураны агууламжтай, тав орчим хувь нь төмөр хлор, сульфат гэсэн элемэнтүүдтэй, арав орчим хувь нь одоогоор Монголд шинжлэн тогтоох боломжгүй бодис байгаа гэнэ. Ийнхүү ураны үйлдвэртэй танилцсан нэг өдөр хэрэгтэй асуултдаа харилут авч, үйлдвэрийн үйл ажиллагаа, байгальд ээлтэй технологи, цацраг идэвхит бодисын нөлөө зэргийг сурвалжиллаа. 

Үргэлжлэл бий...