Л.Оюун-Эрдэнийн тэмцэлд Ерөнхийлөгчийн дэмжлэг хэрэгтэй!

Л.Оюун-Эрдэнийн тэмцэлд Ерөнхийлөгчийн дэмжлэг хэрэгтэй!

Ямар ч байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анд нөхдийнхөө авлигын хэргийг ил тод болгож, эхнээс нь шүүхийн өмнө аваачиж байна. Хөгжлийн банкны тонуул, нүүрсний хулгай, төмөр замын авлига, БЗС-гийн болон нийтийн тээврийн луйврыг ил тод болгож, олон нийтийн хараанд оруулсан. Үр дүнд нь авлигачид ядаж л ард түмнээсээ айдаг, нуугддаг, зугатдаг болсон байна. Өмнө нь иргэдээс ичиж эмээгүйгээр  авлига авдаг, ах дүүстэйгээ хамтран төрийн сан, төсвийн мөнгө болгоны хулгайж хүртдэг байсан улстөрчид “буруу замаар будаа тээвэл буцахдаа шорон ордог” болохыг харсан ч байх, мэдэрсэн ч биз.

Иймээс  Л.Оюун-Эрдэнэ авлигатай, анд нөхдийнхөө хулгайтай тэмцэх тэмцэлдээ ялалт байгуулаасай гэсэн хүлээлт нийгэмд хэдийнэ бий болсон. Хэрэвзээ Л.Оюун-Эрдэнийн зориг эс хүрвээс энэ улсад авлигачид ялна. Авлига Монголын ардчилал, тусгаар тогтнолыг залгина гэсэн үг.

-МАНАЙ ШҮҮХИЙН МАНАН-

Авлига, Ардын нам хоёр нэг зоосны хоёр тал мөн үү мөн. Авлига, АН хоёр ах дүү мөн үү, мөн. Авлигын загалмайлсан эцгүүд Ардын намын цагаан байранд үүрлэж суугаа ч үнэн. Иймээс Л.Оюун-Эрдэнийн тэмцэл намдаа том эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь бас  худлаа биш. Ямар сайндаа нүүрсний хулгайн хэрэгт шүүгдэж буй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, түүнтэй хамтарч мафи байгуулсан гэж буруутгагдаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар шүүхийн танхимаас  сүрдүүлэг хийгээд сууж байх билээ.

Түүнчлэн төрийн албаны ченж, авлигын алдарт эцэг Т.Бадамжунай хүртэл өнөөдөр өвчтэй, хөгшин өвгөний дүрд тоглоод өрөвдүүлэх тактик ашиглаж сууна. Түүнийг Филиппинд орогнож байх үед Х.Нямбаатар сайд байхдаа шувуу ажиллагаагаар баривчилж авчирсан.  Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг шүүх энэ сарын 3-ны өдөр хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгуулахаар прокурорт хэргийг буцаасан. Эндээс дүгнэхэд Л.Оюун-Эрдэнийн авлигатай, анд нөхдийнхөө хулгайтай тэмцэх тэмцэл хонгилын шүүхийн хаалга мөргөж хардлага өндөр байна.

Учир нь Т.Бадамжунайг шүүж буй шүүгч Д.Дуламсүрэн нь 2015 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар томилогдож байсан хүн аж. Д.Дуламсүрэнгийн хадам аав Д.Дамдин-Од нь 2014 онд мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар ШЕЗ-ийн гишүүн болж байсан байна. Шүүгч Д.Дуламсүрэнгийн нөхөр Д.Дөлгөөн Еренхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан “Монгол нийгата хамтын ажиллагааны нийгэмлэг" гэх ТББ-ыг үүсгэн байгуулалцаж, УЗ-ийн даргаар ажиллаж байсан гээд олсны үзүүрийг хөөвөл үзүүрт нь МАНАН мафи сууж байх магадлал өндөр.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр ч Монголын шүүх МАНАН-гаасаа салаагүй, хонгилоор хэнийг чирж, шоронгоос хэнийг аврах вэ гэсэн давуу эрх, даабль хандлагаасаа салсангүй.

-ШҮҮХИЙГ ШҮҮЕ!-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөхдөө хуулийн засаглалыг бэхжүүлж, хулгайчидтай нам харгалзахгүй тэмцэхээ илэрхийлж байлаа. Тэгвэл өнөөдөр түүний амлалт Л.Оюун-Эрдэнийн авлигатай хийх тэмцэлд нэн чухал байна. Шударга ёс уг нь шүүхийн танхимаас, шүүгчийн ёс зүйгээс эхлэх ёстой. Харамсалтай нь, Монголд хууль шүүх нь хулгайч нартайгаа нэг хөнжилд орсон, хулгайч нар нь хууль, шүүхийг атгадаг, удирддаг асуудал нь хэвээрээ. Ямар сайндаа л уул уурхайг нь банк санхүүтэй, банк санхүүг нь хууль шүүхтэй нь атгасан “эзэн” Д.Эрдэнэбилэг, экс Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хийсэн хэргийг нь үнэн мөнөөр нь шүүх шүүх нь, мөрдөн мөрдөн байцаагч нь алга.

Үндсэндээ, Монголын шүүх иргэн Д.Эрдэнэбилэг, эзэн Д.Эрдэнэбилэг, экс Ерөнхийлөгч Х.Баттулга, иргэн Х.Баттулга нарт ижилхэн хандсан цагт  хуулийн засаглал бий болно, бэхжинэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан байдаг. Харамсалтай нь, олон нийтийн 60 гаруй хувь нь шүүгч ба шүүхэд итгэдэггүй гэжээ.

Энэ талаар “Транспэрэнси Интернэшнл" байгууллагын тэргүүн Л.Төр-Од "Бидний зүгээс авлигын төсөөллийн индекс, авлига өгөгч нарын судалгааг гаргадаг. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд байгууллагын нууц гэдэг байдлаар төрийн, орон нутгийн өмчийг шамшигдуулдаг. Эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил гаргадаг хэргүүд түгээмэл байна.  Шүүгч, прокурор гээд хууль сахиулах байгууллагууд дотор авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилдөөн байна. Тийм учраас 2019 онд АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт оруулж байсан. Шүүх, прокурор, өмгөөлөгч нар өөрсдөө өндөр ёс зүйтэй байж, авлига, албан тушаалын хэргээр мэргэшүүлэх шаардлагатай. Шаардлагатай бол нийт шүүгч, прокурорыг дахин сонгон шалгаруулалтад оруулж, энэ чиглэлээр мэргэших төрийн албан хаагчдыг бэлдэх талаар онцгой анхаарах талаар зөвлөмж гаргасан” талаар дөрвөн жилийн өмнө хэлж, сануулж байсан. Гэтэл шүүгчид өргөсөн тангарагтаа биш мөнгө, хөрөнгөд үйлчилдэг жишиг өнөөдөр ч Монголын шүүхэд амь бөхтэй оршсоор.

Авлигын индексээр Монгол Улс арагшилсаар байгаа нь хууль, шүүхийнхэнтэй ч холбогдоно. Учир нь авлигын индексийг тооцож гаргахдаа  хууль дээдлэх ёсны индекс, шүүх дэх авлига ба улс төрийн нөлөө, тухайн улсын байгаль орчны, нийгмийн, эрүүл мэндийн, эдийн засгийн зэрэг эрсдэлүүд, Sovereign risk, Banking sector risk, Economic structure risk, Political risk гэх мэтийг харгалзаж үздэг байна. Гэх мэтчилэн авлигатай тэмцэх тэмцлийг шүүх засаглалаас эхлэхийн тулд Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн дэмжлэг хэрэгтэй байна.  Товчхондоо, шүүхийг шүүхгүй бол алсдаа Монголын ардчилал авлигадаа баригдаж идэгдэнэ, гарцаагүй.

Б.Торой