ШУУРХАЙ: Хорих ялыг нь торгох ял болгон өөрчилсөн Сингапурын иргэнд холбогдох хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэхээр боллоо

ШУУРХАЙ: Хорих ялыг нь торгох ял болгон өөрчилсөн Сингапурын иргэнд холбогдох хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэхээр боллоо

Охид, эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан Сингапурын иргэн Лох Сиен Чи гэгчид анхан шатны шүүхээс оноосон 1 жил 8 сарын хорих ялыг Давж заалдах шатны шүүх өөрчилж, түүнд 15.4 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг. 

Тэгвэл уг хэрэгт прокуророос эсэргүүцэл бичиж, хяналтын шатны шүүхэд хандсан байна.

Харин өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 19-ний өдрийн 598 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 935 дугаар магадлалтай, Лох Сиен Чи-д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. 

Сингапурын иргэн Лох Сиен Чи гэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, шүүсэн байдаг юм. 

13.10 дугаар зүйл .Хувь хүний нууцад халдах

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

13.11 дүгээр зүйл.Хувь хүний нууцыг задруулах

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.