ШУУРХАЙ: "Төмрөөр хийсэн бортогоор хэмжилт хийснээс гал гарсан" гэж дүгнэж, “Тэс петролиум”-ийн инженер, агуулахын эрхлэгч нарт нэг жилийн хорих ял оноожээ

ШУУРХАЙ: "Төмрөөр хийсэн бортогоор хэмжилт хийснээс гал гарсан" гэж дүгнэж, “Тэс петролиум”-ийн инженер, агуулахын эрхлэгч нарт нэг жилийн хорих ял оноожээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” ХХК-ийн 2000 тонны шатахууны нөөц дэлбэрч, улмаар гурван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-ний /2022.12.01/ өдөр гарсан билээ. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнгөрсөн есдүгээр сарын 06 /2023.09.06/-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Шатахууны нөөц дэлбэрч, гурван хүний амь эрсэдсэн хэрэгт “Тэс петролиум” ХХК-ийн Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Г.Б, тус компанийн агуулахын эрхлэгч Б.С, “Тэс петролиум” ХХК-д хойд бүсийн захирал Ж.З нарыг яллагдагчаар татаж, прокуророос "Хийх ёстой ажил үүргээ хангалттай хийж гүйцэтгээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас ажил үүргээ биелүүлэн явсан нягтлан бодогч Н, нярав О, харуул Д нарын амь нас эрсдсэн хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Улмаар шүүх тус хэргийг хэлэлцээд шүүгдэгч “Тэс петролиум” ХХК-д хойд бүсийн захирал Ж.З-г холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ.

Харин шүүгдэгч “Тэс петролиум” ХХК-ийн Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Г.Б, тус компанийн агуулахын эрхлэгч Б.С нарыг тус бүр нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрийг гаргасан байна. 

-ХОХИРОГЧ НАРЫН ГЭР БҮЛ ХОХИРОЛ БҮРЭН ТӨЛӨГДСӨН УЧИР ГОМДОЛГҮЙ ГЭЖЭЭ-

Шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсанаар Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженер Г.Б нь 2021 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр ажилд орсон бөгөөд хэрэг гарах үед удирдлагаас өгсөн шийдвэрийн дагуу бичиг авахаар гадуур явж байсан аж. Харин агуулахын эрхлэгч Б.С нь хэмжилт хийх үед байх ёстой ч талийгаач нар түүнийг ирэхээс өмнө хэмжилтээ хийж эхэлсэн байжээ. Тухайн өдөр агуулахын эрхлэгч Б.С-ийн автомашин нь асахгүй байсан учраас хоцорч ажилдаа очсон байна. Тиймээс тэднийг "Хийх ёстой ажил үүргээ хангалттай хийж гүйцэтгээгүй" хэмээн буруутгажээ. 

Шүүхийн шийтгэх тогтоол

Харин "Хэмжилт хийх, дээж авах ажиллагаанд ашиглаж байсан бортого сав нь стандартын шаардлагыг хангахгүй байснаас болж гал гарсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн физикийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Тодруулбал, "Тэс петролиум" ХХК-ийн шатахууны агуулахын хашаанд байрлах 2000м³ хэмжээтэй, шатахууны нөөц бүхий босоо саванд ажилчид нь 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 09 цагийн орчим хэмжилт хийж байх үедээ төмөр /Fe-99.4%/ элементийн найрлагатай, төмрийн металлаар хийгдсэн бортогоор нягт ихтэй, хатуу гадаргуу бүхий шатахуун хадгалах 4 дугаартай нөөц савны хэмжих люкны гадна болон дотор ирмэгт цохих, шүргэх үед оч үүсэж улмаар тухайн саванд дэлбэрэлт үүссэн байх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. 

Мөн хэмжилт хийхэд агуулахын эрхлэгч, инженер нар оролцоогүй байхад буюу дутуу бүрэлдэхүүнтэй ажил хийгдсэн.

Осолдогчийн хувцаснаас гар утас илэрсэн. Хамгаалах бүс хэрэглээгүй зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон аж. Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ц, А, Б нар нь "Хохирол төлбөр бүрэн төлөгдсөн. Хохирогч нарын ар гэрт 36 сарын цалин хөлс, банкны зээл, буцалтгүй тусламж төлсөн. Ямар нэгэн гомдол байхгүй" хэмээн шүүх хуралдаанд оролцоогүй байна.