Орона майнинг компанийн Зөөвч-Овоо ордод хэрэгжүүлэх уран олборлох төслийн гэрээг энэ ондоо багтан гарын үсэг зурна

Орона майнинг компанийн Зөөвч-Овоо ордод хэрэгжүүлэх уран олборлох төслийн гэрээг энэ ондоо багтан гарын үсэг зурна

Монгол Улсын Засгийн газар Францны төрийн өмчит "Орона майнинг" компанитай хамтран Дорноговь аймгийн Зөөвч-Овоо ордод уран олборлох төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн аравдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд талууд гарын үсэг зурсан. 

Харин гэрээнд 2023 онд багтаан гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа талаар албаныхан мэдээлж байгаа юм. Энэ долоо хоногт ажлын дэд хэсгүүд саналаа нэгтгэн ажлын хэсэгт хүргэнэ. Учир нь хэлэлцээрийн протколтой холбоотойгоор таван сайдын ахласан таван дэд ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төслийг хэрэгжүүлэхдээ байгаль болон хүнд аюулгүй байх технологийг ашиглана. Мөн Монголод ашигтай байх хувилбараар ажиллана" гэжээ. Төсөл нь бэлтгэл хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх бөгөөд 47 жилийн турш үргэлжлэх юм.  2024-2027 онд бэлтгэл ажлаа хангах бол 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Харин 2060-2070 онд нөхөн сэргээх ажлыг хийх аж.