Шатахуун ачсан 485 вагон гаалийн бүрдүүлэлтийн улмаас боомт, өртөө, хил орчимд гацжээ

Шатахуун ачсан 485 вагон гаалийн бүрдүүлэлтийн улмаас боомт, өртөө, хил орчимд гацжээ

Ашигт малтмал, газрын тосны газраас Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газрын Төв лаборатори, Гаалийн бүрдүүлэлтийн газар, шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй шатахууны татан авалт, тээвэрлэлт, зохион байгуулалтын асуудлаар зөвлөлдөх уулзалтыг 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Толгойт өртөөнд хийжээ. 

Энэ үеэр Гаалийн бүрдүүлэлтийн газраас гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийхийн тулд салбар, нэгжүүд амралтын өдрүүдэд ч ажиллаж байгааг онцоллоо. Мөн Улаанбаатар төмөр замаас хамгийн их ачаалалтай ажиллаж буй Толгойт өртөөдөд нэмэлт сэлгээний ажлыг зохион байгуулж байгааг дуулгав. 2023 оны 11-р сарын 08-ны байдлаар шатахуунтай 485 вагон (29100 тонн шатахуун) хил, боомт, өртөөдөд зогсож байна. Үүнээс Толгойт өртөөнд шатахуунтай 195 вагон (11700 тонн шатахуун) татан авалт хийхээр зогсож байгаа юм.

ОХУ-ын Засгийн газраас өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдөр нефтийн бүтээгдэхүүний экспортдоо хориг тавьж, үүний улмаас манай улсад шатахууны хангамжийн доголдол үүссэн билээ. Улмаар Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрөөс нийлүүлэлт хэвийн явагдаж эхэлсэн. Нийлүүлэгч талаас 9, 10 дугаар сарын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж байгаатай холбоотой хилийн боомт, өртөөдийн ачаалал эрс ихсээд буй.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газраас хилээр орж ирсэн шатахууны лабораторийн шинжилгээ, гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт, татан авалтыг шуурхай зохион байгуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.