Б.Билгүүнжаргал: Бичлэг хийх үед ихэнх хүмүүс “надад хамаагүй”, “цагдаагаа дууд” гээд охинд туслаагүй. Зөвхөн тусалсан хүмүүсийн хэсгийг оруулсан /ВИДЕО/

Б.Билгүүнжаргал: Бичлэг хийх үед ихэнх хүмүүс “надад хамаагүй”, “цагдаагаа дууд” гээд охинд туслаагүй. Зөвхөн тусалсан хүмүүсийн хэсгийг оруулсан /ВИДЕО/

Нийгмийг цочроосон гэмт хэргүүд гарахын хэрээр хүний мөс чанар, сайхан сэтгэл багасаж байна гэдэг. Тэгвэл энэ нийгэмд хар буруу гэхээсээ илүүтэй хүнд тусалъя гэсэн чин сэтгэл, эерэг энергитэй хүмүүс олон байдгийг нэгэн бичлэгээс харлаа. Хүмүүс бие биедээ хайртай байж, нэгэндээ тэр дундаа гэмт хэргийн хохирогч болоход хамгийн ойр байдаг алдрай бяцхан үрсдээ тусалдаг байгаасай гэсэн үүднээс бичлэг хийж олны анхаарлыг татсан нэгэн залууг бид энэ удаад онцлон ярилцсан юм.

ВИДЕО:

Түүнийг Б.Билгүүнжаргал гэдэг. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд одоогийн байдлаар “Таг” энтертайментийг найзуудын хамт үүсгэн байгуулж, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу эерэг, хөгжилтэй видео контент бүтээж яваа залуу юм. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.  

- Хүүхэд хулгайлах гэж байгаа мэт жүжиглэж хийсэн бичлэг нь сошиал орчинд ихээхэн хандалт авч, олон хүнд эерэг мессеж хүргэлээ. Энэ бичлэгийн санааг яаж олсон бэ? Бас удахгүй тайзнаа тоглох гэж буй хүүхдийн жүжгийн сурталчилгаа юм шиг байсан?

Энэ оны 12 дугаар сарын 16-нд бид бүхэн тайзнаа хүүхдийн жүжиг тавих гэж байна. Жүжгийн маань гол санаа нь л яг тэр чигээрээ энэхүү бичлэг дээр явж байгаа. Нийгмийг цочроосон хүнд гэмт хэргүүдээс урьдчилсан сэргийлэх зорилгоор хийсэн бөгөөд хүн бүр хүүхэд хамгаалагч байгаасай гэж хүсэж, хоёр найзтайгаа хамтран энэ видео контентийг хийсэн. Харин хүүхдийн жүжгийн тухайд СУИС-ийг төгссөн н.Цэндбаяр н.Отгон-Эрдэнэ хоёр найзтайгаа болон СУИС-ийн Театр урлагийн сургуулийн хамт олонтойгоо хамтраад хийж байгаа. Манай сургууль "сайн сайхныг дагуулна" гэсэн уриатай ба тэр урианд л тэмүүлж явна даа.

- "БИЕД ХҮРЛЭЭ" ГЭЭД УУРЛАСАН ХҮМҮҮС Ч БАЙСАН -

- Уг видео контентод оролцсон охиныг хэн гэдэг, хэдэн настай охин бэ? 

Манай видеонд оролцсон охиныг Мягмарын Анунгуй гэдэг. 11 настай, бүжигчин, жүжигчин мундаг охин бий. Ээжтэй нь яриад видеондоо тоглуулах зөвшөөрөл авсан. Ээж нь манай танил эгч учир дуртайяа зөвшөөрсөн. Энэ охин манай өмнөх бичлэгүүдэд ч бас тоглож байсан. Тухайн бичлэгийг нэг их бэлдээгүй. Бэлтгэл ажил жоохон хийж байгаад л шууд хийсэн дээ.

- Бичлэгээ хэр удаан хийсэн бэ? Хоёр минут гарангийн видео оруулсан байсан. Хасагдсан хэсэг нэлээд байгаа байх. Бичлэгт орсноос өөрөөр, санаанд орчмооргүй хандлага, үйлдэл гаргасан хүмүүс байсан уу?

Бид өглөөнөөс эхлээд нар буутал видеогоо хийсэн. Сөрөг хүмүүс маш их байсан. Гэхдээ нийгэм тэр чигтээ стресстэй байхад сөрөг зүйл хүмүүст харуулахыг хүсээгүй. Аль болох эерэг байсан хүмүүсийнхээ дүрсүүдийг түүж аваад оруулсан. Сөрөг хандлага гаргасан хүмүүсийг тухайлаад яривал "ааваа" гээд гүйж очиход “надад хүрлээ” гээд зарим хүмүүс уурлаж байсан бол зарим нь “чи өөрөө яваад цагдаагаа дууд. Завгүй байна” гэж хэлээд туслаагүй. 

- НАЙЗУУДАА ДУУДНА ГЭЖ ХЭЛСЭН ӨВӨӨ ЖИНХНЭЭСЭЭ НАЙУУДАА ДУУДСАН -

- Хүмүүс тэр өвөөг бас их асууж байх шиг байсан. Үнэхээр найзуудаа дуудсан уу?

Өвөө бид хоёр нэлээд юм болсон. Над руу уурлаад найзуудыгаа дуудна гээд намайг бүр цохиж авсан. Одоо хэлэхэд өвөө найзууд руугаа залгасан. Гадаа нэлээд хүйтэн байсан учраас өвөөг дааруулахгүй гэсэн үүднээс хурдан дуусгасан байгаа. Мөн өвөөд жүжгийнхээ билетийг өгсөн шүү.

- Бичлэг гэж хэлэхэд хүмүүс яаж хүлээж авсан бэ?  

Хүмүүс их эерэгээр хүлээж авсан. Зарим нь залуу хүүхдүүд мундаг байна, эгчийнхээ видеог, ахынхаа видеог оруулчихаарай гэсэн. Харин сөрөг хандлага гаргасан хүмүүс бичлэг битгий оруулаарай гэсэн. Мэдээж оруулаагүй.

- Тэгвэл одоо бичлэгээ нэг дүгнээд хэлбэл хүмүүсийн нийгмийн хандлага, сэтгэл зүй дийлэнх нь ямар байна вэ?

Сая нэг хэсэг нийгмийг цочроосон хэргүүд их гарлаа. Гэтэл иргэдийн хандлага ихэнх нь муухай байсан. Тэр хүмүүсийн дүрсүүдийг оруулчихмаар байсан ч нэр төрд нь халдсан, буруу үйлдэл болох учраас оруулаагүй. Угаасаа тийм сөрөг зүйлс оруулаад яах вэ дээ гээд эерэг хүмүүсийн хэсгийг л оруулсан. Манай жүжгийн санаа тэр л байсан. Одоо бага насны хүүхдүүд пороро хамгийн их үзэж байна. Гэтэл түүнийг хүүхэд үзээд авах санаа, сургамжтай зүйл огт байдаггүй.

Бидний эцэг эхчүүдээс хүсээд байгаа зүйл бол бага насны хүүхдүүддээ аль болох эерэг, сургамжтай, аюулаас урьдчилан сэргийлэх зүйлсийг үзүүлдэг байгаасай гэж хүсэж байна.

- ХҮН ҮЗЭЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭСЭЭ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ АВДАГ УЧРААС АЛЬ БОЛОХ ЭЕРЭГ, ХӨГЖИЛТЭЙ ЗҮЙЛС ХАРУУЛАХЫГ ЗОРЬДОГ -

- Эцэг эхчүүдийг, иргэдийг ямар ухамсартай, ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

Хүмүүс гол нь эерэг хандлагатай, нэг нэгэндээ хайртай байгаасай. Манай жүжгийг эцэг эхтэйгээ ирээд үзэж болно. "101-н гөлөг" гэдэг киног үзээгүй хүн бараг байхгүй байх. Тэр амьтны оронд өөрийгөө тавьж үзээд хэрвээ намайг ингээд аваад явчихсан бол яах ёстой вэ гэдэг талаас мөн жоохон хүүхэд ч гэсэн өөрийгөө хамгаалчихдаг байгаасай, бага ч атугай сургамж аваасай гэсэн үүднээс энэ жүжгийг хийж байгаа. Бид ч бас эмзэглэдэг сэдэв дээрээ аль болох дуу хоолойгоо хүргээд явахыг зорих болно. Анх удаа харсан байсан ч сэтгэл гаргаад тусалдаг байгаасай л гэж хүсэж байна даа. Хүн үзэж байгаа зүйлээсээ үлгэр дуурайлал авдаг. Тиймээс хүнд аль болох эерэг зүйл хүргэхийг, үзүүлэхийг зорьдог доо.

- Хүүхдийн жүжиг тэр бүр тоглогддоггүй. Шинэ залуу жүжигчид үүнд ихээхэн ач холбогдол өгч байгаад туйлын баяртай байна. Удахгүй тоглогдох жүжгийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Манай жүжиг 12 дугаар сарын 16-нд UB palace-д 13:00, 15:00 цагуудаас тоглоно. Пилетны үнэ 20 мянган төгрөг гэж байгаа. Эцэг эхтэйгээ цуг орох боломжтой. 3-15 насны хүүхдүүдэд чиглэсэн. Аль болох л хүүхэд багачууд маань гоё зүйл үзээсэй гэсэн үүднээс хийж байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ авч ирж үзээсэй гэж хүсэж байна. Мөн залуу жүжигчид биднийг дэмжиж, урьж ярилцсанд баярлалаа.

Ярилцсанд баярлалаа.