Б.Энхбаярын хууль батлагдвал “Гэмт хэрэг ярьсан", "Согтуурлыг хэмжих багаж үлээгээгүй" хүн ялтан болж, Замын цагдаа нь Гүрж шиг авлигад идэгдэнэ

Б.Энхбаярын хууль батлагдвал “Гэмт хэрэг ярьсан", "Согтуурлыг хэмжих багаж үлээгээгүй" хүн ялтан болж, Замын цагдаа нь Гүрж шиг авлигад идэгдэнэ

Өчигдөр /2023.11.10/ УИХ-ын чуулганаар 2024 оны Улсын төсвийг орлого нь 25.3 их наяд, зарлага нь 27.2 их наяд төгрөг байхаар 2023 оны зарлагаас 5.6 их наядаар нэмэгдүүлж баталлаа. Үнэндээ “авлигатай тэмцэнэ” гэж лоозондох Засгийн газар ДНБ-ний бараг 50 хувийг нь төрийн тендер, худалдан авалт эзлэх хэмжээний 27 их наядын зарлагатай төсвийг УИХ-д оруулж батлууллаа. Харин “авлигыг бууруулахын тулд төсвийн зарлагыг бууруулж” төрийн тендер, худалдан авалтыг багасгах ёстой. 

Тухайлбал, Аргентины Ерөнхийлөгчийн сонгуулийг тэргүүлж буй Хавьер Майлей тус улсын авлигыг бууруулахын тулд төсвийн зардлаа бууруулна хэмээн зарлаж, үүнийгээ иргэдэд ойлгуулахын тулд цахилгаан хөрөө ашиглаж “төсвийг хөрөөднө” хэмээж олон хүний дэмжлэгийг авч байна. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Гэтэл манай УИХ-ын гишүүд дотор авлигатай тэмцэх наад захын энэ ойлголтыг мэддэггүй, цаашлаад төсвийн хэлэлцүүлгийн үеэр парламентын гишүүдийг чимээгүй байлгахын тулд Засгийн газраас тойрогт нь тавьж өгсөн 3 тэрбум төгрөгт амаа үдүүлээд өнгөрлөө. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар хууль зөрчсөн төсвийн төслийг батлахад оролцохгүй хэмээн чуулганыг орхисон юм.

-Б.ЭНХБАЯРЫН ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ХЭРЭГ ЯРЬСАН ХҮН БҮР ЯЛТАН БОЛНО-

Тэгвэл үргэлжлүүлээд “Гэр бүлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлж байна. Хамгийн ноцтой нь эдгээр хуульд хүний эрхийг ноцтой зөрчиж, гэмгүй иргэдийг насан туршид нь “ял эдэлсэн” гэсэн түүхтэй болгох зохицуулалтыг оруулжээ. 

Өнгөрөгч аравдугаар сар /2023.10/-д Дорноговь аймагт аймшигт хэрэг гарч нийгмийн сэтгэл зүй цочролд орсон цаг үеийг далимдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан гэж болно. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Б.Энхбаяр сайдын энэхүү хуулийн төсөлд, хэргийг мэдсэн хүн ял шийтгэл эдлэх, айраг амсаж, дарстай шоколад үмхээд автомашины хүрдний ард суусан л бол насан туршдаа “ялтан” гэсэн түүхтэй болох заалтыг оруулж өгчээ.

Тодруулбал, “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн 21.9.1-д, “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол ял шийтгэнэ” гэж заажээ. Б.Энхбаяр сайд анх энэхүү хуулийн төслөө тайлбарлахдаа, “мөрдөгч, прокурор, өмгөөлөгчид энэ хууль хамаарна. Харин энэ хуульд сэтгүүлч, жирийн иргэд хамаарахгүй гэж мэдэгдсэн байсан ч хуулийн төсөлд “Мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олж мэдсэн хүнийг ял шийтгэнэ” гэж оржээ.

Зарим талаар зам тээврийн осол, санамсар болгоомжгүйн улмаас гарсан гэмт хэргийн мэдээлэл иргэдэд сэрэмжлүүлэг болдог. Харин Б.Энхбаярын хуулиар гэмт хэргийн мэдээллийг иргэд нэгэндээ ярихгүй байх, сэтгүүлчид энэ тухай мэдээллийг нийтлэхгүй байх, цаашлаад ярьсан, нийтэлсэн тохиолдолд тухайн хүнийг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж, үзлэг нэгжлэг хийж, яллах нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Нөгөө талаар иргэд осол аваар, санамсар болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэргийн талаар үргэлж үнэн биш худал мэдээллийг түгээдэг болно гэсэн үг. Учир тус мэдээлэл үнэн байвал “Мөрдөн шалгах ажиллагааны мэдээлэл” гэх нэрийдлээр шалгана гэсэн үг. 

-Б.ЭНХБАЯРЫН ХУУЛЬ БАТЛАГДВАЛ АЙРАГ АМСААД, ХЭМЖИХ БАГАЖ ҮЛЭЭХЭЭС ТАТГАЛЗВАЛ ЯЛ ШИЙТГҮҮЛНЭ-

Түүний хуулийн өөр нэг ноцтой заалт нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл хэмждэг багажийг үлээхээс зайлсхийсэн иргэнд ял оноох заалтыг оруулжээ. Тодруулбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн 27.10.1-д, “Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол ял шийтгэнэ” гэж заажээ. Энэхүү заалт нь бусдад гэм хохирол учруулаагүй иргэн “ялтан” болох эрсдэлийг харуулж байгаа юм.

Мөн согтуурлыг хэмжих багажаар 0.19 бүхлээс дээш бол замын хөдөлгөөнд оролцох эрсдэлтэй буюу согтуу гэж хариуцлага тооцдог. Гэтэл Б.Энхбаяр сайд энэхүү хэмжигдэхүүнийг хөндөхгүйгээр, “Ямар хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээс үл хамааран ял онооно” гэдгийг тодотгож байгаа юм. Ингэснээр “Монголд нэг жилд бүртгэгддэг гэмт хэрэг хоёр дахин нэмэгдэж, 60 мянга” болох аж. Энэ нь монголчуудыг нийтээр нь ялтан болгоно гэсэн үг юм.

Нөгөө талаар айраг уусан иргэнийг хэмжихэд хэдэн “бүхэл” гардаг талаар манайд хийсэн судалгаа байхгүй. Харин Б.Энхбаяр сайд “Ямар хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээс үл хамааран ял онооно” гэсэн бөгөөд “Айраг согтууруулах ундааны төрөлд орно. Энэ хуулийн төсөл дээр айраг согтууруулах ундааны төрөлд орохгүй гэж бичихгүй. Ямар ундаа байх нь хамаагүй” гэж мэдэгдсэн.

Хэт туйлширсан Б.Энхбаяр сайдын энэхүү тайлбараас харахад зун, намрын цагт гүү уяж, унага татан айраг эсгэх нь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн нэг хэлбэр болох аж. Иймд айраг эсгэхийн тулд төрөөс тусгай зөвшөөрөл авдаг болох нь.

Энэ мэтээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нийгмийн сэтгэл зүй цочрол орсныг далимдуулж, эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн бариад байна. Харин сэтгэлийн хөдлөлөөр эрүүгийн хуулийг өөрчилж болохгүй гэдгийг хуульчид түүнд сануулж байна. 

-Б.ЭНХБАЯРЫН ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ЗАМЫН ЦАГДАА АВЛИГАД ИДЭГДЭНЭ-

Б.Энхбаярын хууль батлагдвал “хэн согтуу, хэн хэмжих багаж үлээхээс татгалзсан” зэргийг замын цагдаа тогтоож, гэмгүй иргэдийг ялтан болгох тодорхойлолтыг тэд бичнэ. Үүнийгээ дагаад замын цагдаагийн алба хаагчид авлигад автах эрсдэлтэй.  

Тухайлбал, Гүрж улс 2004 онд Михайл Саакашвилиг тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртэл боловсрол, төрийн байгууллагууд нь авлигад идэгдсэн байсан гэдэг. Харин Михайл Саакашвили тус улсад бараг л уламжлалт соёл болоод байсан авлигыг бууруулахын тулд замын цагдаагийн газраа бүрэн татан буулгаж, гаалийн байгууллагадаа шинэтгэл хийж, төрөөс олгодог тусгай зөвшөөрөл, лиценз, бүртгэлийг цөөлж, татварын нэр төрлийг нь бууруулж, хувь хэмжээг нь багасгаснаар тус улсын авлигын индекс олон байраар урагшилсан байдаг.

Михайл Саакашвилигийн хийсэн Гүржийн шинэтгэлийн хамгийн алдартай хэсэг нь цагдаагийн шинэчлэл гэдэг бөгөөд замын цагдаагийн газар нь авлигад аймшигтай идэгдсэн байсан тул 2004 оны зургаадугаар сард тэрээр Замын цагдаагийн газрыг бүрэн татан буулгаж, 15,000 алба хаагчийг ажлаас нь чөлөөлж, манай улсад замын цагдаа хэрэггүй хэмээн шийдсэн гэдэг. Гэтэл Б.Энхбаярын хууль Гүржийн авлигад идэгдсэн байсан үеийн өмнөх түүх рүү Монгол Улсыг оруулж ч болзошгүй байгаа юм. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө