БАРИМТ: А.Бат-Амгалан 2 цэцэрлэг, 1 эмнэлгийн  барилгыг Улсын мөнгөөр худалдаж авахаар 9 тэрбум төгрөгийг "212 төслийн жагсаалт"-д оруулж 2024 оны төсөвт суулгасан нь авлига байж магадгүй

БАРИМТ: А.Бат-Амгалан 2 цэцэрлэг, 1 эмнэлгийн барилгыг Улсын мөнгөөр худалдаж авахаар 9 тэрбум төгрөгийг "212 төслийн жагсаалт"-д оруулж 2024 оны төсөвт суулгасан нь авлига байж магадгүй

Өнгөрөгч баасан гараг /2023.11.10/-т УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны Улсын төсвийг орлого нь 25.3 их наяд, зарлага нь 27.2 их наяд төгрөг байхаар баталлаа. Ирэх 2024 оны улсын зарлагыг 2023 оны төсвийн зарлагатай харьцуулбал ирэх онд 5.6 их наяд төгрөгөөр зарлага өсжээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулахын тулд улсын төсвийн зарлагыг багасгах хэрэгтэй, учир нь улс худалдан авалт, тендерээ нэмсээр байвал үүнийг дагаад авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй гэдэг.

-УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА ТОЙРОГТОО 1,2 ТЭРБУМААР 3x3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ, ТӨРСӨН СУМ РУУГАА 70 ТЭРБУМААР ЗАМ ТАВИХААР МӨНГӨ СУУЛГАЖЭЭ-

Тэгвэл 2024 оны төсвийг УИХ-ын чуулганаар өнгөрөгч Лхагва гараг /2023.11.09/-т хэлэлцэх үеэр, “УИХ-ын гишүүд тойрогтоо 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал өгөөрэй гэж чимээгүй болгосон хэрнэ, 800 тэрбумын төсөвт өртөгтэй, 240 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 212 төслийг шинээр нэмсэн” гэх мэдээлэл гарч, Сангийн сайд Б.Жавхланг шүүмжилж байв. Иймд бид УИХ-ын ихэнх гишүүдэд тойрогт нь 3 тэрбум төгрөг өгч, чимээгүй болгож байгаад шинээр нэмэгдсэн 212 төслийг хөөж үзсэн юм. 

Хамгийн ноцтой нь, татвар төлөгчдийн мөнгийг УИХ-ын зарим гишүүд хамаа, замбараагүй үрж, “гарын салаагаар урсгаж” буй жишээг тус 212 төсөл харуулж байна. 

Тодруулбал, 2024 оны төсөвт шинээр нэмэгдсэн 212 төслийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Ж.Батсуурь, Б.Баярсайхан, Г.Дамдинням, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, П.Цогтбаатар, Ц.Цэрэнпунцаг, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат гэсэн 17 хүнээс бүрдсэн “Ажлын хэсэг” боловсруулжээ. Гэтэл тус 212 төслийн жагсаалтад орсон төсөл, тендерүүдийн ихэнх нь “Ажлын хэсэг”-т орсон УИХ-ын гишүүдийн тойрог, төрсөн нутагт нь хийгдэх ажлууд эзэлж байгаа юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өөрийн төрсөн нутаг болох Ховд аймгийн Мөнххайрхан сум хүртэл нийт 70,1 тэрбум төгрөгийн өртөгтэй 63.5 км хатуу хучилттай авто замын ажлыг тус жагсаалтад оруулж, ирэх 2024 онд 8,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор тусгажээ. Мөн Ш.Адьшаа гишүүн Ховд аймгийн Жаргалант суманд 300 сая төгрөгөөр ногоон байгууламж, 1,2 тэрбум төгрөгөөр 3x3 сагсан бөмбөгийн талбай зэрэг орон нутагт үр дүн муутай ажлуудыг тус "212 төсөл"-ийн жагсаалтад оруулсан байна.

Төсвийн төсөлд шинээр нэмж тусгах төсөл, арга хэмжээний жагсаалт

2018 онд УИХ-ын гишүүд ЖДҮХ сангаас тус бүр 950 сая төгрөгийг тэнцүү хувааж авсан тохиолдол гарч зарим нь шүүхээс ял сонссон. Тэгвэл энэ удаа УИХ-ын зарим гишүүд тойрогтоо “Шинэ хөдөө”, “Шинэ хороо” гэх нэрийдлээр мөнгө тавьж, улсын төсвөөс завшиж байж магадгүй байна.

Тодруулбал,  2024 оны төсөвт шинээр нэмэгдсэн 212 төслийн "Ажлын хэсэг"-т орсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Шинэ хөдөө” төсөл гэх нэрийдлээр Ховд аймагт 600 сая, Т.Аубакир Баян-Өлгий аймагт 2 тэрбум төгрөг, Ц.Сэргэлэн Дорнод аймагт 1 тэрбум төгрөг, Ж.Батсуурь Сүхбаатар аймагт 200 сая төгрөг, Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 500 сая төгрөгийг тус бүр оруулжээ. Харин Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Шинэ хороо”, “Ногоон байгууламж” гэх төсөлд нийт 2,3 тэрбум төгрөгийг оруулсан байна.

-Э.БАТ-АМГАЛАН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ БАЙРЛАЛТАЙ ХОЁР ЦЭЦЭРЛЭГ, НЭГ ЭМНЭЛГИЙН БАРИЛГА ЗЭРГИЙГ УЛСАД ХУДАЛДАН АВАХААР 9.1 ТЭРБУМ 2024 ОНЫ ТӨСӨВТ СУУЛГАЖЭЭ-

2024 оны төсөвт шинээр нэмэгдсэн "212 төсөл"-ийн жагсаалтыг боловсруулсан ажлын хэсэгт Баянзүрх дүүргээс парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан багтсан. Тэрээр 2020-2024 оны парламентад суухдаа "согтуу толгой" гэх нэр авсан нэгэн. 

Тэгвэл "2024 оны төсөвт шинээр нэмэгдсэн 212 төсөл"-ийг боловсруулсан "Ажлын хэсэг"-т орсон Э.Бат-Амгалан гишүүн Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд байрлалтай эмнэлгийн барилгыг нийт 40 тэрбум төгрөгөөр улсад худалдан авахаар жагсаалтад оруулж, 2024 онд 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь олгохоор тусгажээ. 

Мөн Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны Цэцэрлэгийн барилгыг улсад 1,1 тэрбум төгрөгөөр худалдан авах, мөн Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны Цэцэрлэгийн барилгыг улсад нийт 3,8 тэрбум төгрөгөөр худалдан авахаар жагсаалтад оруулж, ирэх онд 500 сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор жагсаалтад оруулсан байна. Улмаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон Гэр бүл хүүхэд залуучуудын газарт нийт 8,2 тэрбум төгрөгөөр барилга худалдаж авч өгөхөөр жагсаалтад оруулж, 2024 онд 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоно гэжээ.

Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүрэгт байрлалтай эмнэлэг, цэцэрлэгийн барилгуудыг улсад худалдан авахаар "212 төсөл"-ийн жагсаалтад шинээр оруулж байгаа нь авлига байж болзошгүй юм.

Төсвийн төсөлд шинээр нэмж тусгах төсөл, арга хэмжээний жагсаалт

Мөн ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүн Т.Аубакир Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт сургуулийн барилга худалдаж авахад 1,2 тэрбум төгрөг, Ж.Батсуурь Сүхбаатар аймагт Тусгай зориулалтын байгууламж худалдан авах нэрийдлээр 6 тэрбум төгрөг, мөн Баянгол дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмжид 2 тэрбум төгрөг санхүүжилтийг олгоно гэж "212 төсөл"-ийн жагсаалтад оруулжээ. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө